Зам, тээврийн хөгжлийн яамын удирдлага БНСУ-ын “Кореан эйр” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр МИАТ болон “Кореан эйр”-ийн хамтын ажиллагаа, аяллын дугаар хамтран эзэмших асуудлыг өргөжүүлэхээр санал солилцсон аж. Мөн ирэх оныг “Монголд зочлох жил” болгон зарласан, Өмнөд Солонгосын иргэд манай улсруу визгүй зорчих болсонтой холбоотойгор хоёр улс агаарын тээврийн салбарт хамтран ажиллан, солонгос жуулчдын урсгалыг нэмэгдүүлнэ хэмээн найдаж буйгаа Монголын тал илэрхийлжээ. Үүнээс гадна талууд Монгол Улсын нисэхийн салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлд БНСУ-д мэргэжилтэн бэлтгэх, “Буянт-Ухаа” нисэх буудлыг сургалтад ашиглах талаар санал солилцсон байна. Мөн Монголын агаарын орон зайг нислэгийн дадлага, сургуулилалтад хамтран ашиглах зэрэг бусад боломжийн талаар хэлэлцжээ. Ташрамд дурдахад, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчилж, улс хооронд долоо хоногт 70 хүртэлх тооны нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжтойг ЗТХЯ-наас өмнө нь мэдээлж байв.