Гэрэл зургийг Ц.Баярбаатар
УИХ болон Засгийн газрын гишүүн, дэд сайдын хамаарал бүхий этгээд нь төрд буюу төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашихыг хуулиар хориглох гэнэ. Мөн хамаарал бүхий хүмүүсийг нь төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй болгох нь. Эдгээр зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх, Төрийн албаны, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тусган, төслийг нь боловсруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ерөнхий сайдаас даалгасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар тухайн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэж эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд буюу ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлж буй. Тэгэхээр эдгээр хуулийг баталчихвал УИХ-ын гишүүн, сайд гэдэг албан тушаалыг мөнгө гэж хардаг олон хүний хувьд хамгийн “ашиггүй” ажил болох нь.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн хавар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан. Ингэхдээ тэрбээр АТГ-т жил бүр хөрөнгө, орлогоо мэдүүлдэг төрийн бүх албан хаагч, тэр дундаа улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээд, компани нь төрийн батлан даалттай, тэндээс санхүүжилттэй зээлээс авахыг хориглож, тодорхой хязгаарлалт тавихаар тусгасан юм. Одоогоор эл төслийг хэлэлцээгүй бөгөөд хэт туйлширлаа хэмээх шүүмжлэлийн зэрэгцээ ЖДҮХС болон Хөгжлийн банкны зээл гээд бүх зүйлд гараа дүрж, “өрөм”-ийг нь хамдаг улстөрчдийг хязгаарлах нь гэх сайшаал дагуулж байна. Үүнээс ялгаатай нь дээр дурдсан, Засгийн газрын боловсруулж буй төсөл УИХ болон Засгийн газрын гишүүн, дэд сайд гэсэн улс төрийн албан тушаалтанд хамаатай болохыг тодотгоё. Хамгийн гол нь улс төрд нөлөө бүхий хүмүүс, төрийн албаны дарга нарын эрхийг энэ мэтээр хязгаарлаж, хориглох замаар шударга ёс тогтоох талаар ярих нь жирийн иргэдэд таалагддаг болчихож. Тэгш боломж, шударга ёс гээч зүйл ийм болтлоо ховордчихжээ. Тиймээс ч дүн өвлөөр иргэд нь жагсаж, үүнийг шаардаж байна.
Юутай ч намын дарга, Ерөнхий сайдынхаа даалгавраар боловсруулсан төслийг үнэмлэхүй олонхыг нь МАН-ынхан бүрдүүлж буй УИХ баталчихвал олон “дарга”-ын ашиг сонирхолд дөнгө болох юм. Учир нь “Хориглоогүй бол зөвшөөрөгдөнө” гэх зарчмаар аашилж ирсэн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдээ огтхон ч тоодоггүй улстөрч манайд дэндүү олон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан Баян-Өлгий аймагт зарладаг бүтээн байгуулалтын бүхий л тендерийг “Жол” компаниараа дамжуулан өрсөлдөгчгүй авдгийг мэдээллийн эх сурвалжууд удаа дараа гаргаж тавьсан. Тэдгээрээс харахад өөрөө үүсгэн байгуулж, өдгөө хүүгийнх нь бизнес болсон дээрх компанийнх нь тухай яриа зөвхөн сонгуулийн кампанит ажлын үеэр дэгдээдэг төдий зүйл биш бололтой. Жишээ нь, “Жол” ХХК 2014-2022 онд төрийн 40 тендерт оролцож, 26-д нь шалгаран, улсын төсвөөс 40 гаруй тэрбум төгрөгийн ажил авчээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг энэ мэт хэл ам байнга дагадаг. Гурилын компанитайг ч хэлэх үү, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн байнгын хороог удирдаж, салбарын сайдаар томилогдоход нь ч ашиг сонирхлын зөрчил үүсэж болохыг нь сануулж байсан. Гэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдоход нь ашиг сонирхлын зөрчилтэй, эсэх талаар АТГ юу ч дуугараагүй. Тэрбээр “ЖДҮХС-гийн” гэх дуулианд нэр холбогдчихоод “УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани шаардлагын дагуу зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй” гэх тайлбар өгч явсан нэгэн. Цаашлаад төрсөн дүүгийнх нь компани эрчим хүчний дэд бүтцийн тендерт байнга шалгардаг нь Х.Болорчулуун гишүүний нөлөө юм биш үү гэж хардах нь бий.
Ер нь бизнесээрээ олонд танигдаж, компанийнхаа нэрээр “овоглодог” олон ч улстөрч бий. Тэдний хувьд нэлээд ул суурьтай бодож, улс төрийн амьдралыг сонгох нь зөв, эсэх талаар нухацтай шийдвэр гаргасны дараа сонгуульд нэр дэвшиж, сайдын суудал горилох шаардлагатай болох нь. Ямартай ч улс төрийн албан тушаал хашиж, бизнесээ боолгож, мөнгөө түгжүүлэх сонирхолтой хүн тийм олон байхгүй л болов уу. Энэ бүхнээс сонгуулийн үеийн мөнгөний өрсөлдөөн буурч, иргэдийн хувьд сонголт хийх илүү тодорхой орчин бүрдэх талтай. Улмаар улс төрийн санхүүжилт нь цэвэршиж, тунгалагшаад ирвэл төрд сонгогдох, томилогдох хүмүүсийнх нь “чанар” сайжирч, түүнийг дагаад институцийнх нь нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх байдал нь дээшлэх боломжтой.
Нөгөө талаас төрийн албыг төрлийн алба болгож буй талаар олон жилийн турш ярилаа, бараг улиг болчихож. “Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг УИХ-ын гишүүн С.Батболдын хадам дүү гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэж ч магадгүй. Нэгэнт үүнийг хориглоогүй учраас Б.Асралт уг албанд томилогдохоос авхуулаад чөлөөлөгдөх хүртлээ ийм “дагуул”-тай явсан юм. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөнх ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар ажиллах болсон нь нэлээд шүүмжлэл дагуулж, эцэст нь чөлөөлөгдсөн. Хамгийн гол нь энэ албыг хаших хүн нь наймаас доошгүй жил төрийн албанд ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэргээр хуулийн шаардлага хангах ёстой ч эрхэм гишүүний хүүг зүгээр л томилчихсонтой хүмүүс эвлэрэхийг хүсээгүй юм. Үүнээс өмнө ийм байдал их удаан үргэлжилсэн. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, М.Энхболд гээд үр хүүхдүүд нь хүртэл үүрд албан тушаалтай байх ёстой юм шиг “уламжлал”-тайг хүмүүс андахгүй. Түүнчлэн нэг газраас дараалаад, хэд хэдэн удаа сонгогдчихсон улстөрчид тойргоо бараг л “өмчилчихдөг”. Бас аймаг, дүүрэгт Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон гишүүд тухайн орон нутгаа бүхий л талаар “баздаг” гэхэд болно. Тойрон хүрээлэгчид, хамаарал бүхий хүмүүсээсээ “тавьдаг” тэдний томилгоо, ашиг сонирхлын илт зөрчилтэй шийдвэрийг олон нийт шүүмжлэн, эсэргүүцэх ч “Намайг хэн хэлэх вэ” гэсэн шиг үл тоодог дүр зураг нийтлэг бий.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас зохион байгуулсан, нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын үеэр даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг, “нүүрсний” гэх хэргийг хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд нар луу зарим оролцогч дайрч, Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайтай хамааралтай хүмүүс үүнийг удирдах нь битгий хэл, оролцох ч эрхгүй хэмээн хөөж, туухдаа тулсан юм даг. Ямар нэгэн байдлаар ингэж “идэш” болохооргүй, муу хэлүүлэх шалтаггүй хүмүүсийг төрийн өндөр, дээд албан тушаалд сонгож, томилдог болох сон. ЖДҮХС, Хөгжлийн банк, “нүүрсний” гэх хэрэг гээд өнгөрсөн хугацаанд ч, өдгөө ч хууль бус, шударга биш зүйлтэй нэр холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхдээ тулж, шүүхээс ял, шийтгэл сонссон гишүүдийн дийлэнх нь илт ашиг сонирхлын зөрчил гаргаж, эрх ашгаа зааглаж чадаагүй, хувийн ажил, хамаарал бүхий хүмүүс, ойр дотнынхныхоо бизнесийг тэргүүнд тавьснаас үүдэлтэй. Уг нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, ер нь төрийн өндөр албан тушаалтнуудын баримтлах ёстой бичигдсэн, бичигдээгүй хэм хэмжээ гэж бий. Заримыг нь УИХ-ын тухай болон өөр бусад хуульд заасан байдаг. Засгийн газраас ийн хууль боловсруулж байгаа нь арга ядсан хэрэг мэт санагдах ч алсдаа үр дүнгээ өгвөл аштай юу даа.