УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, дэмжлээ. Улмаар өнөөдөр эцэслэн батлахаар төлөвлөж буй. Тэгвэл уг хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эсэргүүцэн, мэдээлэл хийв. Тэрбээр “Гуя дагуулж хүзүү” гэгчээр эрх баригчид “Эрдэнэс Тавантолгой”-г тэр чигт нь худалдах гэж байна. Ийм агуулга бүхий тогтоолын төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн. Хувьцааг нь монголчууд нийтээрээ эзэмшдэг энэ компанийг яагаад нийтэд өгнө гэж төсөл санаачлаад байгаа юм бэ. Хулгай нь гаарлаа гээд хувьчилж болохгүй. Энэ компанийн гүйцэтгэх захирлыг МАН-аас томилж, хэдэн зуун саяар нь хулгай хийдэг. Захирал нь “тавьсан” эздэдээ хулгайгаа тарааж өгдөг шүү дээ. Үүнийг нь ил болгож, менежмент, байгуулсан гэрээг нь нээлттэй тавихыг шаардаж буйгаас бус, өмчийн эзэн болсон ард түмэн буруугүй” хэмээн эсэргүүцэхийг уриалав. Тус тогтоолын төслийн 6.2-т “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасныг тэрбээр “ноцтой” гэж үзэн, сэрэмжлүүлж буй нь энэ аж.
Гишүүн С.Ганбаатар энэ тухайгаа нэгдсэн хуралдааны эхэнд мөн хэлсэн бөгөөд хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. Энэ бол ард түмний 1072 хувьцааг бүртгэлд хамруулах гэсэн агуулгыг тусгасан төсөл” хэмээв. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Монголын ард түмний эзэмшиж буй 1072 хувьцаа үхмэл байгаа. Үүнийг засах ёстой. Төрийн өмчит компаниудад ч хулгай гаарлаа. Төр хянаж чадахгүй байна. Тиймээс хувьцаа эзэмших эрхийг нь ард түмэнд нээж өгөх үүднээс энэ төслийг хэлэлцэж байгаа юм. С.Ганбаатар гишүүн та байнгын хорооны хуралдаанд суусан атлаа ард түмэнд хувьцааны эрхийг нээж өгье гэж ярихаар эсэргүүцэж байгааг ойлгосонгүй” гэж шүүмжлэв.