Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хөгжлийг дэмжих яамны төлөөлөгчид өчигдөр уулзжээ. Энэ үеэр ХХААХҮЯ, ХААИС-ийн судалгааны багийнхан “Хүнсний ногооны судалгаа, хөгжлийн төв бүхий хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төсөл”-ийн судалгаа, тооцоо хийснээ танилцуулсан байна. Үүний хүрээнд Улаанбаатарт хүнсний ногооны судалгаа хөгжлийн төв, хүлэмжийн цогцолбор аж ахуй хамтран байгуулах боломжийн талаар хэлэлцэн, манай орны байгаль, цаг уурын онцлогт тохируулан, БНСУ-ын хүлэмжийн аж ахуйн дэвшилт технологи нэвтрүүлж, дөрвөн улирлын турш шинэ ургацын хүнсний ногоо тариалж, боловсруулан, импортыг бууруулах боломжтой гэдэгт талууд санал нэгджээ. Түүнчлэн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, ногоочид, ялангуяа залуучуудыг дотоодод, БНСУ-д хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо тариалалтын чиглэлээр сургаж, чадавхжуулахад анхаарч ажиллахаар тохиролцсоныг ХХААХҮЯ-наас мэдээлэв.