Нөөц нь багасаж, ам.долларын ханш суларсантай холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн долоо хоногийнхоо дээд түвшинд хүрсэн тухай “Reuters” уламжиллаа. Уг таваарын хамгийн том хэрэглэгч БНХАУ-д эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлого хэрэгжүүлэх төлөвтэй нь үүнд мөн нөлөөлжээ. Тонн зэсийн спот ханш өчигдөр 8327 ам.доллартой тэнцсэн нь өнгөрсөн ням гаргийнхтай харьцуулахад 95.5 “ногоон”-оор өссөн үзүүлэлт юм. Тэгвэл Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдах шаргал металлын үнэ 0.5 хувиар нэмэгдэж, тонн нь 8436 ам.долларт хүрсэн байна. Тус бирж дэх нөөц 81 350 тонн болсон нь өнгөрсөн сарын 11-нээс хойших бага дүн аж. Түүнчлэн Шанхайн фьючерсийн биржид ирэх сард нийлүүлэх зэсийн ханш 0.8 хувиар өссөнөөр тонн нь 66 160 юаньтай (9482.99 ам.доллар) тэнцжээ. Ташрамд дурдахад, энэ сарын эхний байдлаар манай улс 1.29 сая тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар илүү бөгөөд экспортын гүйцэтгэл 106.9 хувьд хүрсэн юм.
Бэлтгэсэн Б.Сонор