Ертөнцийн тухай төсөөлөл дөнгөж бий болж байсан эрт цагт л Өмнөд газар гэгч байдаг талаарх онол гарч ирсэн байх юм. Манай гаргийн энэ нууцлаг хэсгийг эрж хайх, судлах эхний алхмуудыг хийх хүртэл хэдэн зуун жил хэрэгтэй байлаа. Магеллан, Кук, Тасман гэх нэрд гарсан аялагч, нээлт хийгчид эрт цагийн эрдэмтдийн тэмдэглэж үлдээсэн Өмнөд газрын байршлыг тогтоох гэж оролдоод бүтэлтэй болохгүй байв. Антарктидыг XIX зуунд л Оросын далайчид нээв. Түүнийг сонирхсон нь шинэ газар нутгийг эзэмших гэсэн хүсэлтэй нь холбоотой байсан төдий биш, гол, ус, далайн гүнийг, мөсөн уулын бүтцийг судалж, Антарктидын ургамал, эрдсийн төрөл зүйлийг цуглуулж Оросын шинжлэх ухааныг ашигтай ажиглалт, нээлтээр баяжуулах гэсэн эрмэлзлээс үүдэлтэй байжээ.
Антарктидыг улам бүр сонирхох болсон нь хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг хүрэхэд ихэд төвөгтэй газар орныг ч эзэмшихэд хүрэлцээтэй болсныг нотолсон, дэлхийг тойрсон анхны аяллууд амжилттай болсноос шалтгаалж байлаа. Дэлхийг тойрсон анхны аяллыг удирдсан И.Крузенштерн Антарктидыг судлахыг дэлхийн улсуудын далай тэнгисийн асуудал эрхэлсэн сайд нарт санал болгосон байна. Ийм эрэл хайгуулд өөрийгөө гялалзтал харуулсан залуу офицер Беллинсгаузен аяллыг удирдахаар болжээ. Лазарев энэ хоёр Антарктидад анх хөл тавьсан хүмүүс юм. Тэгэхдээ ийм өндөр хариуцлагатай аялалд хамгийн туршлагатай, нэр алдартай ахмадууд гараагүй ч чухам тэд л ХIХ зууны гол нээлтийн нэгийг хийсэн байна.
“Восток”, “Мирный” хөлөг 1819 оны долдугаар сард задгай тэнгис рүү гарч хагас жил болоход Антарктидад оччихсон байв. Хөлгүүдийн бүхээгт эрдэмтэн судлаач байгаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй, уг аялалд богино хугацаанд яаравчлан бэлтгэснээс эрдэм шинжилгээний ажилтнуудаас багаа бүрдүүлж амжаагүй аж. Ингэж яарсан нь Антарктид руу бас нэг ийм аялал хийхээр Британи бэлтгэж байснаас болжээ.
Шинэ газрыг Орос улс л эхэлж нээх ёстой гэсэн үүднээс бэлтгэл ажил давчуу хугацаанд болсон бололтой. Эцэст нь далайчид өөрийн нэн тэргүүний үүргээ биелүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухааны нээлт, олж цуглуулсан зүйлээ бүртгэж тэмдэглэх ажлыг давхар хийж явжээ. Оросын далайчид Номхон далайд бүтэн жил аялж, Антарктид, түүний ойр зэргэлдээх арлууд нь ямар өргөн уудам болохыг улам бүр мэдэрсээр байв. Асар хүйтэн хийгээд хүнд бэрх нөхцөл нь далайчдын аяллыг тэсвэрлэшгүй болгож байсан ч шинэ газар орны анхны нээгчид болох их тэмүүлэл нь тэр бүхнийг давж гарахад нөлөөлж байжээ. Беллинсгаузен Антарктидад өнгөрөөсөн өдөр бүрийнхээ дараа өдрийн тэмдэглэлдээ “Бурхны авралаар амьд байна шүү” гэж бичиж байсан гэдэг. I Петрийн арал, I Александрын газрыг нээгээд далайчид гэрээ зүглэв. Оросын энэ амжилт ер бусын нөлөө үзүүлж, тухайн зууны дунд үеэс Европын эрдэмтэд Антарктидыг идэвхтэй судлах боллоо. Британичууд, норвегчүүд бусдаас илүү байв.
Антрактидыг судлах ажил ХХ зуунд үргэлжлэв. Австри, Шинэ Зеланд, Чили болон Европын орнууд ертөнцийн нөгөө туйлд далбаагаа эхэлж мандуулах эрхийн төлөөх тэмцэлд “босох” нь тэр. Тухайн үед хувьсгалын үйл явц өрнөж, дайн дажинтай тулгарч, түүнээс уламжлан эдийн засгийн хямрал нүүрлэснээс Орос улс шинжлэх ухааны энэ “хөөцөлдөөнд” оролцсонгүй. 1930-аад онд ЗХУ Антарктидыг эзэмших боломжийн талаар дахин ярьж эхэлсэн ч дэлхийн II дайн Зөвлөлтийн эрдэмтдэд ийм боломж олгосонгүй.
Дайны аюул өнгөрсөн 1940-өөд оны эцсээр Зөвлөлтийн эдийн засгийн зарим салбар сэргэж байтал Антарктидыг нэлээд улс хуваагаад авчихсан, түүгээр ч барахгүй түүний нэг хэсгийг Норвег өөрийн газар нутаг гээд зарлачихсан байх нь тэр. Тиймээс ЗХУ Антарктид тийш тавих хүчин чармайлтаа нэмэгдүүлэв. Энэ явдал АНУ-ын таалалд огт нийцсэнгүй, ялангуяа эрч хүчээ авч байсан хүйтэн дайн үүнд онцгой нөлөөлжээ.
1940-өөд оны эцэс болоход Антарктидыг эзэмших ажлын үр дүн тун даруухан, анхны хайгуулын ангийн нисэх онгоц сүйрч, хоёр дахь оролдлогын явцад дэлбэрэлт болсноос тус тивийг судлах ажлаа АНУ зогсоохоос аргагүй болсонд америкчууд сэтгэл дундуур байлаа. Энэ урагшгүй байдлаа тэд хүйтэн дайны өрсөлдөгчдөө зарим талаар тохож байв. Байдал хурцдаж байсан ч Антарктидын хувь заяаг шийдэх тухай бодлоо аль аль нь орхисонгүй.
Антарктидын улс төрийн статусыг тогтоох шаардлагатай гэсэн мэдэгдлийг 1949 онд ЗХУ-ын Газар зүйн нийгэмлэг хийв. Үүнтэй зэрэгцэн Зөвлөлтийн далайчдыг Өмнөд газар луу илгээх ажлыг шинээр эхлүүллээ. Өрсөлдөгчдөө энэ тивийг алдахгүй гэсэн эрмэлзлээр хүч нэмсэн Зөвлөлтийн эрдэмтэд тус газар нутгийг судлах ажлаа улам эрчимжүүлжээ. Америкчууд Антарктидыг цөмийн бөмбөг туршихад ашиглах вий гэж болгоомжилж байв. Энэ тив төмрийн хүдэр, чулуун нүүрс болон Зөвлөлтийн эдийн засгийг сэргээн босгоход нөлөөлөх үнэт олдвор ихтэй байлаа.
1956 онд ЗХУ хайгуулын анги зохион байгуулах явцдаа байгуулсан станцаа Беллинсгаузений анхны аялалд ашигласан хөлгийн дурсгалд зориулж “Мирный” хэмээн нэрлэсэн байна. Станц дээрээ төрийн далбаагаа ч ёслол төгөлдөр мандуулжээ. Түүгээр ч зогсохгүй ЗХУ-ыг Антарктидыг анх нээсэн улс гэсэн статустай болгожээ.
Тэгтэл 1960 онд айхавтар шуурга болж, станцын нэг байшинд түймэр гарч, найман хүний амь үрэгдэв. Тэдний дурсгалд зориулж, “Энд ирсэн хүмүүс тэргүүнээ гудайлган хүндэтгэл үзүүл, тэд Антарктидын хатуу ширүүн байгальтай тэмцэж яваад эрсэдсэн юм” гэсэн бичигтэй хөшөө босгосон аж. Харамсалтай нь, шинэ технологи, төхөөрөмж бий болсон өнөө цаг үед ч байгалийн ийм хүнд хэцүү нөхцөлд туйл судлаачид маань амь насаа бүрэн аюулгүй болгож чадаагүй л байна.
Тус тив рүү илүү гүнзгий нэвтрэх шаардлагын улмаас эргээс нэлээд алсад “Пионерская” гэдэг бас нэг станцыг “Мирный”-гийн судлаачид бий болгов. Үүний ачаар Зөвлөлтийн судлаачид Өмнөд туйлын хүн хүрч байгаагүй цэгт 1958 оны арванхоёрдугаар сарын 14-нд очиж чадлаа.
“Восток” хэмээх өөр нэг станц 1954 оны арванхоёрдугаар сарын 16-нд байгуулсан нь чухал амжилт болсон байна. Энэ станцын дэргэдолон сая жил хүний хөл хүрээгүй, маш ховор олдвор хадгалсан нуур байсанд мөн “Восток” хэмээн нэрлэв. Тэнд өрөмдлөг хийж гаргаж авсан олдворыг одоо хэр нь нарийвчлан судалж байна.
“Восток” станц манай гаргийн хамгийн хүйтэн газар байрлаж байгаа болохоор судалгааны ажлыг асар хүнд нөхцөлд хийдэг юм. 1983 онд тэнд дэлхийн дээрх хамгийн хүйтэн (-89.2) градус тэмдэглэгдсэн байдаг. Антарктидад аж төрөхөд ямар хэцүү болохыг 2009-2011 онд тэнд ажилласан багийн нэгэн гишүүний хийсэн тэмдэглэл нотолдог. “Восток” станц дээр хүн амьдардаггүй, аажмаар үхэж байдаг. Эхний ганц сард л хүмүүс ихэвчлэн 5-10 килограмм жин алдана. Сууж байгаад огцом босвол толгой эргээд уначихна” гэж тэмдэглэжээ. Түүний бичсэнээр бол хүний организм ямар нөлөөнд ордгийг хэлэх аргагүй, агаарт нь хүчилтөрөгч маш бага учраас зарим хүн хэт ачааллыг даадаггүй аж. Эндхийн нөхцөлд амьдарч чадахын тулд уур амьсгалд нь наад зах нь гурван сар дасах шаардлагатай байдаг. “Восток”-тхүйтэн болохоор ямар нэг амьд юм, ядаж микро организм ч байхгүй тул станц дээр байгаа хүмүүс эх газраас ирүүлэх хүнсний зүйлийн бүрэн хамааралд байдаг аж. Гэхдээ Антарктидын амьдралын гол бэрхшээл нь хүйтэн хийгээд хүнсний барааны хүртээмж биш, гадаад ертөнцөөс хэт тусгаарлагдмал байдал нь юм. Асар их ганцаардал, хэдүүлхнээ урт хугацаанд байх уйтгар туйлчдын сэтгэл санаанд айхавтар сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тэдний өдөр тутмын амьдралын ихээхэн хэсэг нь олж авсан зүйлээ судлахад зориулагддаг ч үдшийн урт хугацааг яалтай билээ. Станцууд дээр спортын танхим, халуун ус байдгийн зэрэгцээ амьдардаг сууцад нь телевиз, биллиардын өрөө байдаг. Агуулахаас пянз тоглуулагч олоод нийтээр ихэд баярласнаа тэмдэглэл бичигч дурссан байжээ.
“Восток” станцыг нээснээс хойш шинэ газар эзэмших үйл явц ЗХУ-ын дэмжлэгээр их хурдацтай ахисан. 1959 онд Вашингтонд болсон бага хуралд Антарктидыг судалдаг 12 улс оролцжээ. Үүний үр дүнд гэрээнд гарын үсэг зурж, тус тивийг цэрэг, зэвсгээс ангид байлгахаар тохирсон байна. Тэнд цэргийн бааз байгуулах, зэвсэг, радиоидэвхт материал хадгалахыг хориглов. Юуны түрүүнд олон улсын хамтын ажиллагаа, харилцан туслалцааг тэргүүлэх зорилтоо болголоо. 1968 онд хамтын хүчин чармайлтаар “Антарктидын газрын зураг” бүтээж, өнөө хэр нь дэлхийн эрдэмтэд ашиглаж байна.
1960-1970-аад онд Антарктидын байгалийн нөөцийг судлах ажлаа ЗХУ станцуудаасаа авсан материал дээрээ тулгуурлан үргэлжлүүлж байлаа. Бас дэд бүтэцтэй ч болгов. Станцуудын хооронд цанаар явах замтай болгосноор эндхийн орчин нөхцөл, байгалийн үйл явцыг нь илүүтэй мэдэх, станцуудын хоорондын харилцааг сайжруулах боломжтой болсон байна. 1980 онд Антарктид болон Зөвлөлтийн эрдэмтдийн хооронд агаарын байнгын холбоотой болгов. Хүнсний зүйл, тоног төхөөрөмж авахад олон талаар амар болж, тэндээс ЗХУ руу аливааг илгээх ажил ч хялбар болж байлаа.
1990-ээд онд тус тивийг судлахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар чухал ажлууд хийж Өмнөд далайн гидрографын зургийг Орос, Герман улс хэвлэж, Зөвлөлт-Америкийн “Уэдделл-1” гэдэг станц байгуулсан ч хоёр зууны зааг дээр Антарктидын судалгаа хумигджээ. Антарктидыг цаашид судлахад чиглэсэн “Дэлхийн далай” хэмээх хөтөлбөр боловсруулснаас хойш тэндхийн судалгааны ажилд том ахиц гарав. 2016-2031 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгаснаар өвөлжих станцуудын ажил, амьдралын нөхцөлийг сайжруулж, “Русская” гэдэг улирлын үйл ажиллагаатай станцыг жилийн турш ажиллуулах болгов.
Өнөөдрийн байдлаар Антарктидад Оросын “Мирный”, “Новолазаревская”, “Беллинсгаузен”, “Восток”, “Прогресс” гэдэг таван станц тогтмол ажиллаж байна. Эдгээр станцыг тус тивийн байгаль орчин, амьтны аймгийг судалж, газрын зургийг нь шинэчлэн бүтээх ажлыг хийхэд ашиглаж байгаа юм. Вашингтоны бага хурлын дараа газар нутгийн өрсөлдөөнөөс бүх улс орон татгалзаж байсан ч хагас зууны дараа байдал өөрчлөгдлөө. Хэд хэдэн улс асуудлыг ихээхэн ноцтой байдлаар тавих болов. Тухайлбал, Норвег гэхэд одоо өөрийн нутаг дэвсгэрээсээ 10 дахин их газрыгтэндээс авахаар эрмэлзэж байна. Австрали, Шинэ Зеланд улс Антарктидын бараг тэн хагасыг өөрийн газар нутаг хэмээн үзэх болжээ. Британи, Аргентин, Чили улс Антарктидын нэг хэсгийг авахаар өрсөлдөж, өөр хоорондоо ширүүн тэмцэлтэй байна. Ийм нөхцөлд өөрийн давамгайлах байр суурь, Антарктидыг нээсэн гэх статусаа хадгалж үлдэх нь Орост чухал боллоо.
Антрактид манай гаргийн хамгийн нууцлаг тив байсаар байна. Тэндхийн цаг уурын үйл явцыг төдийгүй дэлхийн байгалийн үзэгдлийг таньж ойлгоход чухал хэрэгтэй шуугиан тарьсан нээлт Антарктидад бараг жил тутам гарч байдаг аж. Энэ тивийн хэвлийд үнэт ашигт малтмал, үлэмж хэсэгт нь цэвэр усны нөөц хадгалагдаж байна. Мөсөн бүрхүүл нь олон мянган жилийн өмнө манай гариг ямар байсан талаарх үнэт мэдээлэл хадгалж, ирээдүйн хөгжлийг урьдчилан таамаглах боломж олгож байгаа юм. Тэнд хадгалагдаж байгаа дэлхийн цэнгэг усны 90 хувь хүн төрөлхтний чухал нөөц мөн. Байгаль, цаг уурын сүйрлийн нөхцөлд дэлхийн хүмүүсийн хоёр дахь боломж нь Антарктид ч байж болох юм шүү.
Бэлтгэсэн Р.Жаргалант