Жилд дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг буюу 600 сая хүн хүнсээр дамжих өвчнөөр өвчилж, үүнээс 420 мянган нь хүн нас бардаг талаар ДЭМБ-аас мэдээлжээ. Монголчуудын ач холбогдол өгч, тэмдэглэдэг шинэ жил, цагаан сар зэрэг баярын өдрүүдэд цөөнгүй хүн хоолны хордлогод ордог. Үүнтэй холбогдуулан НЭМҮТ-ийн хүнсний аюулгүй байдал судлаач Б.Энхтунгалагаас тодруулсан хоолны хордлогод орсон үед яаралтай авах арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэе.
Илрэх шинж тэмдэг
Ихэнхдээ 0-5 настай хүүхэд, өндөр настан, ямар нэгэн өвчин эмгэгтэй, дархлаа муудсан хүмүүс хоолны хордлогод амархан өртдөг гэнэ. Хоолны хордлогод орсон үед
- дотор муухай оргих,
- бөөлжих,
- гэдэс базлах,
- гүйлгэх,
- хүндэрсэн тохиолдолд ХАЛУУРАХ шинж тэмдэг илэрдэг.
Хоолны хордлогод орсон үед ямар арга хэмжээ авах вэ
1. Хордлогын шинж тэмдгийн хүндрэхээс сэргийлж эмийн сангаас ХОРСОЛ бэлдмэл авч, зааврын дагуу хэрэглээрэй. Эсвэл нэг литр бүлээн усанд 10 гр давс хийж, уух хэрэгтэй. Дараа нь эмчид хандахаас нааш өөрөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүйг албаныхан онцгойлон анхаарууллаа.
2. Өрхийн эмч, Харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн дугаар луу залгаж зөвлөгөө авах.
3. Дээрх газруудтай холбоо барьж чадахгүй бол ХӨСҮТ-ийн 100, 80086829 дугаарт залгах, эсвэл түргэн тусламжийн 103 дугаарт залгаж, зөвлөгөө аваарай.
4. Их хэмжээгээр гүйлгэж, бөөлжих, эсвэл хэт өндөр халуурч байвал заавал түргэн дуудах шаардлагатай.