Улаанбаатар хотын агаарын бохирдлын 09.00 цагийн үед агаарын чанарын индексийн мэдээгээр хамгийн бохирдолтой газраар Баянхошуу орчмыг зааж байв. Нэгдүгээр хороолол, Толгойт, МҮОНРТ, Дамбадаржаа зэрэг газрууд ч бас энэхүү тоотой дүйцэхүйц утаатай болохыг agaar.mn-ээс харж болно. Харин агаарын бохирдолгүй газрын тоонд Мишээл экспо, таван буудал, Богд хааны ордон музей орчим багтжээ. Энэ хэсэгт агаарын чанарын индекс хэвийн буюу 68-87 байна.
Иймд агаарын бохирдолоос өөрт байгаа нөөц боломж, мэдлэгээ ашиглан утааны хөнөөлийг саармагжуулах энгийн аргуудыг уншигч танд хүргэж байна.
Амны хаалт хэрэглэж хэвшээрэй
Өвөл амны хаалт байнга хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаална. Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна.
Илчлэг сайтай хоол хүнс чухал
Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн аж. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэж занших хэрэгтэй.
Цусаа шүүлгэж болно
Шинжлэх ухааны хөгжлийн ачаар цус цэвэрлэх буюу плазмаферез эмчилгээ дэлгэрч байна. Энэ нь агаарын бохирдлоос биед үүссэн хорыг арилгах үйлчилгээтэй юм. Эмнэлгүүд ойролцоогоор 20 орчим мянган төгрөгөөр дээрх эмчилгээг хийдэг байна. Ерөнхийдөө ямар ч хүн хийлгэх боломжтой аж. Гэхдээ та дээрх эмчилгээг хийлгэхийн тулд заавал эмчид үзүүлж, харшлах зүйл байгаа эсэх талаар зөвлөгөө авах хэрэгтэйг хатуу санаарай. Үүнээс гадна хүчилтөрөгчийн коктейль хэрэглэж байвал сайн. Агаарын бохирдол хү-нийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Иймээс хүчилтөрөгчийн дутагдлаа нөхөж байх нь олон төрлийн өвчнөөс хамгаална. Дэлгүүрүүдэд хүчилтөрөгчийн коктейль 5000 орчим төгрөгийн үнэтэй байдаг. Найруулахад тийм ч хэцүү биш. Жимсний шүүс, өндөг байхад л хангалттай.
Болж өгвөл хөдөө өвөлжсөн нь дээр
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хөдөө, агаарын бохирдолгүй газар амьдарч хүүхдээ тээх нь хорт утаанаас өөрийгөө болон хүүхдээ хамгаалах цорын ганц боломж гэвэл хилсдэхгүй болов уу. Иймээс ажил төрөл бусад зүйлээ зохицуулаад цэвэр агаартай газар уруу явах төлөвлөгөөгөө эртнээс базааж байсан нь дээр юм. Бусад хүний хувьд агаарын бохирдлоос зугатаах ихээхэн төвөгтэй. Ажил төрөл, сургууль соёл гээд хотод уях зүйл олон бий. Гэхдээ боломж байвал хэдэн хоногоор ч болов хөдөө рүү тэмүүлж байгаарай.
Агаар цэвэршүүлэх төхөөрөмж бий
Агаар цэвэршүүлдэг олон төрлийн аппарат, төхөөрөмж гарчээ. Тухайлбал, озоны тусламжтайгаар агаарыг ариутгаж, халдваргүйжүүлэн, нянг устгах үйлчилгээтэй аппарат байна. Мөн хасах цэнэгтэй ионоор агаар цэвэршүүлдэг төхөөрөмж байгаа юм. Эдгээрээс сонгон авч хэрэглэж болно. Ялангуяа, албан байгууллагад агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байх шаардлагатай аж.
Офиссын агаарыг байнга сэлгэн, цэвэршүүлж байгаарай
Хүний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар бол мэдээж офисс. Тэгвэл агаарын бохирдол офисст хамгийн их байдаг аж. Эрдэмтдийн судалснаар офиссын агаарын бохирдол хотын утаанаас 4-6, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байгааг тогтоожээ. Олон хүний амьсгал, тоос шороо, бүгчим байдал зэрэг агаар бохирдуулах олон хүчин зүйл байгаагаас гадна принтер машин агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг аж. Иймээс принтерийг хүмүүсээс аль болох хол байрлуулах, ажлын өрөө тасалгааны агаарыг байнга сэлгэж байх хэрэгтэй гэнэ. Хэрэв боломжтой бол ажлын өрөөнд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах юм бол нэн сайн аж. Учир нь цэвэр агаарт ажиллаж буй хүний бүтээмж бусад хүнийхээс тав дахин өндөр байгааг эрдэмтэд тогтоожээ.