Хагас сарын өмнө товлосон, нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол өчигдөр Төрийн ордны дотор “бослого”-той, хашааных нь гадна “осголт”-той боллоо. УИХ-ын Тамгын газрынхан сонсголыг байнгын хороодын хуралдаан зохион байгуулдаг дөрвөн танхимд зэрэг явуулахаар төлөвлөсөн байв. Өөрөөр хэлбэл, нэг танхимд УИХ-ын гишүүд, тайлан, мэдээллээ танилцуулах сайд, эрх бүхий албан тушаалтнууд цуглаж, нөгөө гуравт нь иргэд, олон нийт, жагсагчдын төлөөллийг суулгасан юм. Гэвч оролцогчид үүнийг хүссэнгүй, тэвчсэнгүй.
“Нүүр нүүрээ харан ярьж, ойлголцох гэж цугласан болохоос та нарын тайлан, илтгэлийг дэлгэцээр сонсох гэж энд ирээгүй” хэмээн иргэд бухимдаж, сонсголыг том танхимд зохион байгуулахыг шаардаж, эмх замбараагүй байдал үүссэн юм. Эл шаардлагыг эхэлж тавьж, бусдыгаа уриалсан хүн нь иргэн Б.Энхмөнх. Тэрбээр Өмнөговь аймгийн АН-ын хорооны дэд дарга асан, өдгөө УИХ дахь цөөнхийн бүлгийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж буй аж. Тиймээс АН-ынхан нүүрсний хулгайч нараа хамгаалах гэж сонсголыг зориуд үймүүллээ хэмээн харах хүмүүс байлаа. Ер нь тус хэлэлцүүлэгт АН-ынхан олноороо оролцож, эрх баригчдыг нэлээд шүүмжилсэн юм.
Гэхдээ зохион байгуулалтын дээрх хувилбарыг Б.Энхмөнх биш ч, өөр бусад хүн шүүмжлэхээр муу, оновчгүй байсан нь үнэн. УИХ-ын Тамгын газрын удирдлага, уг ажиллагааг гардан хариуцсан хүмүүс нь туйлын мэдрэмжгүй хандсанаас уур амьсгалыг хурцатгаж, сонсголыг нэлээд хугацаагаар хойшлуулж, гацаалаа гэх хүн олон байв. Үнэхээр ч дүн өвлөөр өчнөөн хоног жагсаж, төр, засагтаа шаардлага тавьж буй иргэд, олон нийтийг дотор ч талцуулж, тус тусад нь танхимд хуваарилах тухай бодол ямар хүний толгойд орж ирдэг юм бол. АН-ын бүлгээс энэ сарын 15-нд УИХ-ын даргад хандан, уг сонсголыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, иргэд, жагсагчдын төлөөллөөс 1000 хүн оролцуулан, үг хэлэх нээлттэй боломж олгохын зэрэгцээ мэдээллийн сувгуудаар шууд дамжуулах нөхцөл бүрдүүлэхийг шаардсан юм. Анх баталсан хөтөлбөрөөс харахад ч 10.00-18.00 цагт үргэлжлэхээр төлөвлөсөн сонсголын төгсгөлд буюу 16.30-18.00 цагт иргэд үг хэлж болохоор зохион байгуулсан байв. Харин үүнээс өмнө УИХ-ын гишүүд үг хэлэхэд хоёр цаг “тавьсныг” иргэд эсэргүүцэж, саналаа төрийн түшээдтэй ээлжлэн ярихыг шаардсаныг ёсоор болгосон юм. Үнэндээ дөрвөн сэдвийн дагуу тавихаар төлөвлөсөн зургаан илтгэлийг сонсохоос ч илт төвөгшөөж, нойр хүргэхээс хэтрэхгүй гэлцэж байв.
.
Ийн сонсголоо товлосон цагтаа эхлүүлж чадахгүй дотор бужигнан, “бослого” өрнөж байхад Төрийн ордны хашааны баруун хаалган дээр 20 орчим залуу нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Жагсагчдаас “Ард түмний түр хороо байгуулна” гэж байсан хэсэг нь сонсголд ороод, биднийг үлдээчихлээ” хэмээж байсан тэд эхэндээ дотогш орохыг хүсэж байсан ч сүүлдээ Ерөнхий сайдыг гарч ирэхийг шаардсан юм. Цаг гаруй нүцгэн зогссон тэднийг осголтын нэгдүгээр зэрэгт хүрснийг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж, эхнээс нь ганц, нэгээр нь эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан. Сүүлдээ бүгдэд нь албадан тусламж үзүүлэв.
Уг сонсголыг УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу явуулсан бөгөөд тодорхой дараалал, дүрэм баримтлах ёстой. Гэсэн ч оролцогчид анхнаасаа үүнд захирагдахыг хүсээгүй, дур зоргоороо байсан нь зохион байгуулалтыг улам муутгасан гэхэд болно. Үнэндээ тэд 800 хүний суудалтай их танхимд орж ирээд ч дүрэмгүй аашилсан хэвээр байлаа. Уг нь сонсголд оролцох хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн 225 иргэн, 17 байгууллага байсан ч арга хэмжээ эхэлснээс хойш төд удалгүй оролцогчид нэлээд шингэрчихсэн юм даг. Бүртгүүлсэн иргэдээс 45 нь жагсагчдын төлөөлөл аж.
Улмаар 59 иргэн үг хэлэхээр бүртгүүлсэн ч бараг бүгд асуулт тавина, саналаа хэлнэ хэмээн дайрцгаав. Ингэхдээ үндсэн сэдэвтээ төвлөрөөгүй нь олон. Тухайлбал, бүртгүүлсэн, эсэх нь хамаагүй, бүх хүнийг сонсголд оролцуул, үгийг нь хэлүүл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг байлцуул, хэдэн ч өдөр үргэлжилсэн яадаг юм гэх мэтээр шаардаж, “хүний эрхийн мэдрэмжгүй” гэж эмэгтэй гишүүдийг чичлэн, Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралт тэргүүтэй албан тушаалтнуудыг “хайж”, нэхсээр хамаг цагаа барсан нь хайран. Тэр ч бүү хэл, сонсголыг даргалсан УИХ-ын гишүүн С.Чинзориг, “нүүрсний” гэх хэргийг хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд нар луу дайрч, Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайтай хамааралтай хүмүүс үүнийг удирдах нь битгий хэл, оролцох ч эрхгүй хэмээн хөөж, туухдаа тулах жишээтэй. Гишүүн С.Чинзориг, Г.Ганболд нар Өвөрхангай аймгаас сонгогдсоныг ч хэлэх үү, тус сонсголыг “тойргийн сонгогчидтой хийх уулзалт”-тай адилтган, даапаалах хүн ч гарав.
Сонсголын үеэр Сүхбаатар аймгийн иргэн, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Төмөр-Очир цол, тэмдгээ хулгайч нараас авсан тул төрд буцаан өгөхөө хэлж, улс төрийн намуудыг татан буулгахыг уриалав. Түүнчлэн “Дорнод нэгдэл” ТББ-ын төлөөлөл болох Ж.Гэрэлт-Од Газрын тосны, Улс төрийн намын санхүүжилтийн болон Ашигт малтмалын тухай зэрэг таван хуулийг таван минутын дотор батлахыг УИХ-аас шаардаж байлаа. Тэрбээр уг хэрэгт холбогдсон долоон гишүүнд хилийн хориг тавих хүртэл арга хэмжээ авч ажиллахыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны удирдлагаас шаардсан юм. Үүнээс гадна Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай учраас Төрийн тэргүүн У.Хүрэлсүх энэ сонсголд оролцох ёстой гэж нэхэх нэгэн ч байв. Энэ мэтчилэн ярьж буй үндсэн асуудлаа ойлгохгүй, хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг, зарим тохиолдолд “захиалгатай” юм шиг аашилдаг, албан тушаалтнуудын хэн нь ямар чиг үүрэгтэй ажилладгийг ч мэддэггүй гэмээр хүмүүс олон нийтийн анхаарлыг татсан аливаа хэлэлцүүлэг, сонсголын утга учир, үнэ цэнийг алдагдуулдаг жишиг энэ удаа ч давтагдлаа.
Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн Энхээ “Нүүрсний” гэх хэрэгт нэр нь холбогдсон гишүүд эхнээсээ буруугүй хэмээн мэлзэж, өөр бусад хүнийг “хулгайч” гэжнэрлээд эхэллээ. Тэд нүүрс хулгайлаагүй байлаа ч гэмт хэргийг нуун дарагдуулах нь гэмт хэрэг юм шүү. Төрийн эрх барих дээд байгууллагад түмнийг төлөөлж байгаа түшээд нь хууль бус зүйл, хулгай, луйврыг хүсвэл яриад, хүсэхгүй бол нуун дарагдуулж болдог юм уу” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд ЗХЖШ, АТГ, “Бодь” болон “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг индрийн өмнө зогсоогоод зарим зүйлд тодорхой хариулт авав. Тухайлбал, тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “оргуулсан”, эсэх тухайд АТГ-ын дарга З.Дашдаваагаас тайлбар авахад, “Та хуулийн байгууллага хэн нэгнийг оргуулсан талаар яриад байна. Түүнийг оргосон гэж хэн нотлоод байгаа юм бэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа учраас гурван асуудлаар тайлбар, мэдүүлэг авсан. Яг ямар асуудлаар гэдгийг нь энд тодорхой хэлэх боломжгүй. Т.Доржханд гишүүн та шүгэл үлээж болно. Гэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй” хэмээлээ. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цэргийн алба хаагчдын хүнсний хэрэглээнд талхыг нэг бүрийг нь 20-25 мянган төгрөгөөр нийлүүлсэн, эсэх тухайд Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан, хурандаа Х.Батсайхан “Цэргийн алба хаагчийн хангалтын талхыг бид өөрсдөө барьдаг. Нэг бүрийнх нь өртөг 1050-1080 төгрөг болдог. Таны хэлсэнчлэн 20-25 мянган төгрөгийн үнэтэй талхыг алба хаагчдад нийлүүлдэггүй” гэв.
Мөн “1072 хувьцаагаа хамгаалах хөдөлгөөн”-ий төлөөлөл Гэрэлчулуун уг хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын долоон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, УИХ-ын түр хороо болон Засгийн газрын ажлын хэсэгт ард иргэдийн төлөөллийг оролцуулахыг шаардсан бол Өмнөговь аймгийн иргэн Ж.Баатархүү “Төрийн авсан ажил бүхэн замхардаг. Одоо орон нутгийн “Тавантолгой”-д бүрэн эрхт төлөөлөгч томилж, “идэх” гэж байна. Энэ уурхай 66 жил ажиллахдаа орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. “Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор Өмнөговийнхныг бүгдийг нь хулгайч юм шиг ойлгодог боллоо” хэмээн бухимдлаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэн Ц.Баатархүү ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ хийж, түүнийг нь хянаагүй өнөөгийн эрх баригчид хариуцлага хүлээх ёстой гэв.
Харин “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон, нэрийг нь зарласан хүмүүсийг бүгдийг нь сонсголд авчрахыг цөөнгүй оролцогч шаардаж байсныг тэмдэглэе. Зохион байгуулагчдын зүгээс тэднийг оролцуулах, эсэх талаар хууль, хяналтын байгууллагынхантай санал солилцсон аж. Улмаар “Таслан сэргийлэх арга хэмжээ авсан хүмүүсийг сонсголд оролцуулах боломжгүй” гэсэн хариу авчээ. 13.00 цагт эхэлсэн сонсгол манай сонины дугаар буух мөчид (20.40 цаг) үргэлжилж байв.