Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордонд зохион байгуулна. Уг сонсголоор Монгол Улсаас 2020-2022 онд нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс экспортолсон, хэдэн аж ахуйн нэгж хэр хэмжээгээр олборлож, аль компани тээвэрлэсэн талаарх дүн мэдээг танилцуулах юм байна. Түүнчлэн экспортын орлого, коксжих нүүрсний олон улсын болон БНХАУ-ын зах зээлийн болон хилийн үнэ, уурхайн амнаас борлуулсан ханшийн зөрүүг мэдээлэхийн зэрэгцээ авлига, хууль бус үйл ажиллагаа илэрсэн, эсэхийг хэлэлцэх юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компаниас байгуулсан оффтэйк гэрээ, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд зарцуулсан хөрөнгө зэргийн талаар танилцуулах аж. Сонсголд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл хийх төрийн болон хувийн өмчит компанийн төлөөлөл, эрх бүхий албан тушаалтан, иргэдийг оролцуулахаар дууджээ. Олон улсын худалдаа, хууль, эрх зүйн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, ТББ, ажиглагчид мөн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд тэднийг үг хэлэх, асуулт тавих, санал солилцох боломжоор хангахаа УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дурдлаа.