Манай улсаас Узбекистан руу 2022 оны эхний 10 сард 500 тонн халал мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон аж. Улмаар энэхүү хэмжээг эрс өсгөх боломжтойг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Талууд Монголд хамтарсан аж ахуй байгуулан, махны худалдааг идэвхжүүлэх, баруун гурван аймгийн мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүсэд хамтран ажиллах нь үр дүнтэй гэдэгт санал нийлжээ. Түүнчлэн энэ сард мах, махан бүтээгдэхүүн худалдан авах зөвшөөрлийг манай есөн аж ахуйн нэгжид дээрх улсаас нэмж олгосноор мах экспортлох компанийн тоо 26-д хүрсэн юм байна. Монголын аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд мал төхөөрөх халал стандартыг нэвтрүүлж буй нь Узбекистан, Казахстан, Иран, Азербайжан зэрэг улсад мах нийлүүлэх боломжийг нэмэгдүүлжээ. Цаашид Узбекистанаас сайн чанарын жимс, жимсгэнэ, нарийн ногоог Монголд нийлүүлэх боломжтой бөгөөд урьдчилсан байдлаар зах зээлийн судалгаа хийхэд үнийн хувьд өрсөлдөхүйц байх дүгнэлт гаргасан гэдгээ тус улсаас мэдээлжээ. Монгол Улс, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нар даргалан, ирэх сард зохион байгуулж, хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын асуудлаар дэлгэрүүлж хэлэлцэхээр төлөвлөснийг ХХААХҮЯ-наас дурдав.