УИХ дахь МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн ээлжит хуралдаанд оролцсон намын дарга нь “нүүрсний” гэх хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулаад, нэг талдаа гар гэдгээ хатуу илэрхийлжээ. Уг нь даргыгаа хэлсэн, хэлээгүй шалгуулах л ёстой. АН, МАН гэлтгүй нэрээ зарлуулсан долоон гишүүн бүгд шалгуулаад, хуулийн байгууллагын ажилд аль болох саад болохгүй байх хэрэгтэй. Гэвч тэд тэгсэнгүй. Ер нь манай улстөрчид шалгуулахаас зайлсхийж, бүрэн эрхийнхээ араар нуугддаг, бултдаг. “Хуулийн байгууллага надаас мэдээлэл авъя гэвэл хэзээ ч өгөхөд бэлэн” гэж пээдийхээс хэтэрдэггүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 1992-1996 оны УИХ-д гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэгт нэр холбогдоод ирэнгүүт бүрэн эрхээсээ татгалзан шалгуулж байснаас өөрийг нэрлэж мэдэхгүй юм. Асуудалгүй л юм бол шалгуулчих эр зориг манай улстөрчдөд үгүй. Өвлийн хүйтнээр жагсаж байгаа хүмүүс ч үүнийг л шаардаж буй. Хийсэн хэргийг нь хуулийн байгууллага, шүүх нь хаацайлдаг, эсвэл шалгах гэхээр шалтаг тоочоод алга болдог, эцэст нь ямар ч ял, хариуцлага хүлээдэггүй учраас л хүмүүс нэрийг нь нэхээд байгаа юм.
Нүүрсний хулгайд холбогдуулж нэрийг нь зарласан УИХ-ын гишүүд үүнд холбоогүй, ийм бизнесгүй, бүр нүүрсийг ч мэдэхгүй, “бүлэг” байгуулж хулгайтай тэмцэнэ, яаралтай хуралд хэмээн намынхнаа шавдуулж, бачимдахын оронд “Би шалгуулъя” гээд хууль, хяналтын байгууллагад хүрээд очих хэрэгтэй. Мөн өрөөлийн олон хэргийг “илчилж”, хулгай, авлигыг нь мэднэ гэж шантаажлахаасаа өмнө өөрийнхөө нэрийг “цэвэрлэх” учиртай. Гэм буруугүй гэдгээ тогтоолгочихоод нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж яривал илүү итгэл үнэмшил төрүүлэхгүй гэж үү. Тэгээд ч нэрийг нь зарлаагүй бол барим тавим баримтыг нь хэлж байгаа тэр олон хулгайг хаацайлж, нуусаар хаана хүрэх гэсэн юм бол, тэд. Уг нь “жинхэнэ хулгайч”-ийг нэхээд байгаа нөгөө гишүүд шалгуулсны дараа л жинхэнэ хохирогч хэн гэдэг, тэднийг “хэлмэгдүүлсэн”, эсэх нь тодорхой болох байлтай. Тэд нэрээ цэвэрлэж авахын төлөө идэвх, зүтгэл гаргахгүй бол “нүүрсний хулгайч” гэдэг мөнхийн “хаяг”-тай үлдэхийг үгүйсгэхгүй. Жишээ нь, хэдийгээр УИХ-ын гишүүн болохоос өмнөх явдал гэдэг ч гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг “33 тэрбумаар тансагласан гурван найз” хэмээн хочилсоор л байгаа шүү дээ. Ер нь ахуйн хүрээнд, ам дамжин яригддаг, үнэн, худал нь үл мэдэгдэх энэ мэт асуудлыг ингээд л нэг тийш болгочихвол өөрсдөд нь л хэрэгтэй. Бохир, буруу зүйлд холбогдсон нэр төрөө цэвэрлэчихээд нутаг орон, тойрогтоо очвол ядаж л нүүр бардам байх бус уу.
Хууль бус, шударга биш зүйлсэд нэр нь холбогдсон нөлөө бүхий хүмүүсийг нам, бүлэглэл, дарга, тойрон хүрээлэгчид нь хамгаалж ирсэн. Шалгуулаад, нэрээ цэвэрлээд хүрээд ир гэж хэлж байсан удаа үгүй. Өнгөрсөн хавар УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг улсын ерөнхий прокурор парламентад уламжилсан. Хөгжлийн банкны чанаргүй зээл тойрсон дуулиан ид “өндрөө авч” байх үед уг хэрэгт холбоотойгоор гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбиэг, Н.Алтанхуяг нарын нэрийг УИХ-д “оруулсан” нь тэр. Гэхдээ тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, “Гишүүн байхад нь шалгаж болно шүү дээ” гээд “анги”-ийн нөхөд нь аваад үлдчихсэн. Ерөнхий прокурор нэрийг нь илгээхээс өмнө ч заримынх нь нэр “Хөгжлийн банкны” гэх хэрэгт хэдийн холбогдсон байв. Тиймээс ч хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажилд нь саад учруулаад байна гэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг хүссэн биз. Гэвч одоо “Хөгжлийн банкны” хэрэгт холбогдогчид нь нүүрсний хулгайн талаар ярьж, “шүүж”, бүр эл луйврыг илрүүлэхээр лобби бүлэгт багтчихсан яваа сурагтай.
Өнгөрсөн парламентын үед гишүүн Д.Гантулгыг хэрэгт нэр холбогдсон цагаас бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргачих болов уу гэж олон нийт нэлээд харсан ч талаар болсон түүхтэй. Хоносон айлаасаа дотуур өмдтэй гарсан гэдгээ сэтгүүлчдэд тоочиж, хохирогчийн эгч бүсгүйгээр элдэв баримт дэлгүүлэн, хуулийн байгууллагуудын хаалга сахиулахын оронд зүгээр л өөрөө гүйж очоод шалгуулчихсан нь шулуухан байв. Тэрбээр өөртэй нь холбоотой дуулиан дөнгөж тарж байхад л шалгуулах, эсвэл чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн бол арай нэр, нүүртэй үлдэх байсан биз. Гэвч тэр хэрэг явдал гарснаас хойш хэдийн нэг жилийн дараа л чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.
2016-2020 оны УИХ-д гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр ч адил. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд эцэст нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс өөр аргагүй болсон тул ерөнхий прокурор парламентад саналаа хүргүүлсэн. Д.Гантулгаас ялгаатай нь түүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээж аваагүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Ингээд тэд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, бүрэн эрхгүй болсон учраас хуулийн хариуцлага хүлээсэн юм.
2019 онд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокурор бас л тавьж байв. Гэвч тэд бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан юм. Харин дараа нь Л.Энхболдоос бусад нь ял сонссон. Тэд бол “ЖДҮХС-гийн” гэх хэргийн гол дуулианы эзэд. Ямартай ч гишүүн байхад нь шалгаж, үүрүүлж чадаагүй ялыг хугацаа алдаад ч болов үүрүүлсэн хэрэг.
Хэн нэгэн улстөрч, төрийн өндөр албан тушаалтан энэ мэт асуудалд холбогдлоо гэхэд хуулийн байгууллага үйл явцын дундуур нь “дүр” бүтээх маягтай гарч ирэх нь олонтоо ч эцсийн үр дүн нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, чихэнд сонсогдохоор байх нь тун цөөн, тэгсхийгээд замхардаг. Олон нийт аанай л өөр өөрийн итгэл үнэмшил, “орой” руу нь хүссэн ч, эс хүссэн ч цутгах мэдээлэлд тулгуурлан “буруутай”, эсвэл “буруугүй” гэх хоёр туйл руу савласаар хоцордог. Харин өнөөх албан тушаалтны “статус” доошлохгүй, дээшлэх нь түгээмэл, манайд. Өөрөө шалгуулаагүй, хөндлөнгөөс хууль, хяналтын байгууллага шалгасан, эсэх, юу олж тогтоосон нь тодорхойгүй атал холбогдогч этгээд албан тушаал ахиад байгааг яаж ч ойлгомоор юм бэ дээ. Энэ мэт байдал нь тухайн улстөрчийн буруугүйн нотолгоо гэсэн үг үү. Эсвэл тэд шалгадаг байгууллагад нь итгэдэггүй, эргэлздэг юм болов уу. Тиймээс л өдгөө ард иргэд тэсэрч, тэвчиж чадахгүйгээ илэрхийлэн, жагсаж байна. Олон нийт өдрөөс өдөрт хэрсүү болж байгаа шүү, улстөрчид өө.
Үнэндээ ийм тохиолдолд хэрэгт нэр нь холбогдсон албан тушаалтнуудын олонх нь санаачилгыг гартаа авч, сайн дураараа шалгуулан, улстөрчийн эр зориг гаргаж чаддаг сан бол ийм ойлгомжгүй байдал үүсэхгүй л дээ. Сайн дураараа шалгуулж буй хүн шавартай хутгалдсан нэр, төрөө сэргээхийн тулд эцсийг нь хүртэл явах нь ойлгомжтой. Тэгээд чухам юу болж өнгөрсөн, яасан, ямар үр дүнд хүрснээ хүн болгонд мэдүүлэхийг хүсэж, оршин байсан тавцандаа нүүр бардам, нэр цэвэр эргэж ирэхийн төлөө тэмүүлэх нь лавтай. Харин УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр бамбай хийж суудалдаа шигдэн, сайд, даргын албан тушаалаас сална, өгнө гэдэг нь манай улстөрчдөд амьдын хагацал байдаг бололтой.