“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” болон “Бодь интернэшнл” компани хооронд байгуулсан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилт, худалдан авалтын талаар өчигдөр “Бодь интернэшнл”-ээс мэдээлэл өглөө. Дээрх чиглэлийн төмөр замыг барих тусгай зөвшөөрлийг 2008 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгож байжээ. Гэсэн ч ажил гүйцэтгэх компани нь өөрчлөгдөн, концессын гэрээг цуцалснаар 2019 онд “Бодь интернэшнл” бүтээн байгуулалтыг нь үргэлжлүүлэх эрхийг “Тавантолгой төмөр зам” компаниас авсан юм байна. Ингэхдээ техник, эдийн засгийн үндэслэлийг нь 2013 онд баталсан хэвээр үлдээн нэг км замыг дунджаар 1.46 сая ам.доллароор барих гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд таван багц ажил хийхээр төлөвлөн, нийт өртөгийг нь 792.2 сая ам.доллар байхаар тооцсонаж. Үүний 15 хувьтай тэнцэх санхүүжилтийг авч, үлдсэнийг нь таван жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг борлуулан олохоор талууд тохиролцсон гэнэ. Ажлын хөлсөндөө авах нүүрсний үнийг зах зээлийн ханшаар тооцуулан, гэрээний дагуу ажиллаж буйгаа “Бодь интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан дурдлаа. Мөн тэрбээр “Манай компанитай байгуулсан гэрээг нууцын зэрэглэлд Засгийн газар л оруулах эрхтэй. Бид энэ талаар мэдэх юм байхгүй, гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж буй бизнесийн байгууллага. Ямар нэгэн байдлаар улсыг хохироосон зүйлгүй. Хууль хяналтын байгууллагаас манай компанийг шалгасан удаа байхгүй” гэсэн юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц өдгөө 82 орчим хувьд хүрсэн бөгөөд ирэх онд 16 зүтгүүр, 810 чингэлэг оруулж ирэн, ажлаа бүрэн хүлээлгэн өгөх гэнэ.