Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.19) хуралдаан 14 цаг 50 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав
Эхлээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 38 дугаар зүйлд заасны дагуу уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон уул уурхай, аялал жуулчлалын зэрэг нөлөөнд өртөн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болзошгүй соёлын биет өвийг бүсчилсэн байдлаар тодорхойлох, хамгаалах талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах хяналт тавих үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийг байгуулах тогтоолын төсөл батлах тухай санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувиар дэмжигдэв.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонсов
Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 онд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, 2023 оны төсвийн хэрэгжилтэд нөлөөлж болзошгүй эрсдэлүүд, ариун цэврийн байгууламжийн талаар дараах мэдээллийг өглөө.
2022 оны төсвийн гүйцэтгэлийн талаар
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 оны төсвийн жилд нийт 544 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан 430 төсөл, арга хэмжээ, өмнөх онуудад хэрэгжиж эхэлсэн боловч бүрэн дуусаагүй он дамжин үргэлжилж буй 114 төсөл, арга хэмжээ байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар нийт 1,465.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн жилд санхүүжих дүн 356.9 тэрбум төгрөг бүхий 430 төсал арга хэмжээ. Батлагдсан. Үүнээс өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 256, энэ онд шинээр хэрэгжиж буй 174 төсөл арга хэмжээ байна. Төсөл, арга хэмжээг ангиллаар нь авч үзвэл хөрөнгө оруулалтын 371, их засварын 21, тоног төхөөрөмжийн 37, ТЭЗҮ-гийн 1 төсөл хэрэгжиж байгаа болно.
Энэ онд шинээр хэрэгжих 174 төсөл арга хэмжээний хувьд захиалагчийн хяналт тавих, худалдан авалтыг зохион байгуулах эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн орон нутаг, мэргэжлийн байгууллагад 100 хувь шилжүүлсэн. Эдгээрээс 160 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулан ажил, үйлчилгээгээ үзүүлсэн бөгөөд үлдэх 14 төсөл, арга хэмжээ нь одоогийн байдлаар гүйцэтгэгч шалгараагүй ба худалдан авах ажиллагааны явц 92 хувьтай байна.
Эдгээр төсөл, арга хэмжээний 125 нь сургуулийн барилга, 154 нь цэцэрлэгийн барилга, 43 нь дотуур байрны барилга, 17 нь спорт заалны барилга ба барилга угсралтын ажлын дундаж гүйцэтгэл 55.6 хувьтай байна.
Салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр БШУЯ-наас Сангийн яамтай хамтран Засгийн газрын хуралдаанд 80 ба түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах, төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэл сайтай төсөл, арга хэмжээнд санхүүжилтийн зохицуулалт хийх зэрэг асуудлыг танилцуулж, зохих шийдвэрүүдийг гарган хэрэгжилтийг зохион байгуулж ажиллалаа.
Энэ онд ашиглалтад орох боломжтой, ажлын гүйцэтгэл явц нь 80-100 хувийн гүйцэтгэлтэй 107 төсөл, арга хэмжээ байгаагийн 97 барилга, байгууламжийн төсөл, арга хэмжээ нь 2022 оны жилийн эцсээр бүрэн ашиглалтад орох бөгөөд үүнд 15,718 хүүхдийн хүчин чадалтай 32 сургууль, 6560 хүүхдийн хүчин чадалтай 40 цэцэрлэг байна.
2023 онд батлагдсан хөрөнгө оруулалтын төслийн талаар
2023 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 399 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн 2023-2024 онд хэрэгжүүлж бүрэн дуусгахаар төсөв батлагдсан бөгөөд үүнд 361 хөрөнгө оруулалт, 21 их засвар, 16 тоног төхөөрөмж, 1 ТЭЗҮ төсөл, арга хэмжээ байна. Төсөл, арга хэмжээний зориулалтаар нь авч үзвэл 133 цэцэрлэгийн барилга, 132 сургуулийн барилга, 13 цогцолбор, 44 дотуур байр, 21 спорт заал, 8 боловсрол, 5 шинжлэх ухаан, их дээд сургуулийн барилга байгууламжийн зориулалттай байна.
Улсын Их Хурлаас батлагдсан 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтад боловсрол, шинжлэх ухааны салбарт барилгын материалын үнийн өсөлтийг тооцуулж төсөвт өртөг нэмэгдсэн нийт 211 төсөл, арга хэмжээний 100.4 тэрбум төгрөг, мөн нэмэлт ажлын магадлал тооцуулж төсөвт өртөг нэмэгдүүлсэн 29 төсөл, арга хэмжээний 42.5 орчим тэрбум төгрөг тусгагдсан.
Өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 361 барилга байгууламжийг барилга угсралтын явцын гүйцэтгэлээр ангилбал 100 хувь ашиглалтад орсон 92 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд эдгээрийн зөвхөн өмнөх онд барилгын материалын үнийн өсөлтийг тооцуулсан санхүүжилт 2023 оны төсөвт тусгагдсан болно. Харин 5-95 хувийн гүйцэтгэлтэй 259 төсөл, арга хэмжээ, 0 хувийн гүйцэтгэлтэй 10 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд эдгээрээс 2023 онд 180, 2024 онд 88, 2025 онд 1 төсөл, арга хэмжээ ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.
2023 оны төсвийн хэрэгжилтэд нөлөөлж болзошгүй зарим эрсдэл, тулгамдаж буй асуудлын талаар
Салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, дотоодын эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг нягталж, үзэхэд барилга, байгууламжийн нийт 361 төсөл, арга хэмжээний 253 нь батлагдсан төсөвт багтаан ашиглалтад орох боломжтой, харин 108 нь батлагдсан төсөвт өртөгт багтаан ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүсэж 144.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах эрсдэлтэй байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хувьд хэрэгжилт удаашрах, төсөвт өртөг нэмэгдэхэд шууд болон шууд бусаар нөлөөлсөн дараах нийтлэг шалтгаан байна.
Анх баталсан төсөвт өртөг нь зураг төсөв, магадлалын нэгтгэсэн дүгнэлтгүй байх;
Түлхүүр гардуулах нөхцөлтэй сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулсны дараа төсвийн магадлалын дүн батлагдсаны улмаас төсөвт өртөг нэмэгдэх;
Анх батлагдсан төсөвт өртөг нь төсөл, арга хэмжээг дуусгахад хүрэлцэхгүй /сонгон шалгаруулалтад нэг ч оролцогч ороогүй/ шалтгаанаар ажлын тоо хэмжээг салгаж тендер зарлах;
2 ба түүнээс дээш жил үргэлжлэн хэрэгжих төсөл арга хэмжээний хувьд дотоод болон гадаад эдийн засаг дахь барилгын материалын үнэ, цалин, тээврийн зардлын өсөлт гарснаас гэрээний үнэ нэмэгдэх;
Анхны зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлууд барилга угсралтын ажлын явцад гарч ирэх;
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани санхүүгийн чадамжгүй, зохион байгуулалт муу, ажиллах хүчний нөөцгүйн улмаас барилга угсралтын ажил он дамжин удаашрах зэрэг шалтгаанууд байна.
Иймд дээрх тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр дараах арга хэмжээг цаашид авч, хэрэгжүүлэх шаардлагатай.
1/ Газар, зураг төсөвтэй, магадлалын нэгтгэсэн дүгнэлттэй барилгыг газарзүйн мэдээллийн системийн шинжилгээнд тулгуурлан хэрэгцээ шаардлагатай байршилд төлөвлөж, 2024 оны төсөвт тусган батлуулах.
2/ Шинээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг батлагдсан төсөвт багтааж бүтэн зарлах, ажлын тоо хэмжээг салгаж зарлахгүй байх.
3/ Барилгын нэмэлт ажлын магадлал нь баталгаажсан 32 төсөл, арга хэмжээний 51.5 тэрбум төгрөг, мөн батлагдсан төсөвт өртөгт багтаж барилга ашиглалтад орох боломжгүй эрсдэл үүсэж буй боловч нэмэлт ажлын магадлалгүй 76 төсөл, арга хэмжээ, 2023 онд төсвийн тухай хуульд тусгагдаагүй шийдвэрлэх шаардлагатай 43 төсөл, арга хэмжээний төсөвт, өртөгийг зохих журмын дагуу Барилгын хөгжлийн төвийн магадлалаар оруулан баталгаажуулж, Үндэсний аудитын газраар хянуулсны үндсэн дээр төсөвт үе шаттай тусган шийдвэрлүүлж, 2024 оноос барилгыг ашиглалтад оруулах шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 200 сургууль, 273 цэцэрлэг ашиглалтанд оруулах зорилтыг дэвшүүлсэн бөгөөд дээрх төсөл, арга хэмжээг бүрэн шийдвэрлэж, ашиглалтанд оруулсан тохиолдолд улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжилтээр хэрэгжсэн нийт 93,848 хүүхдийн суудалтай 200 сургууль, 42,955 орны хүчин чадалтай 277 цэцэрлэгийг 2024 онд бүрэн хангах боломжтой байна.
Ариун цэврийн байгууламжийн талаар
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажил үе шаттай хэрэгжиж байна. Үүнд: I, II ээлжид 16 аймгийн 92 суманд 307 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг хамруулсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 114 объектыг байнгын ашиглалтад хүлээн авахын зэрэгцээ давхардсан тоогоор 8 аймгийн 23 сумын 83 объектод ариун цэврийн байгууламжийг байнгын ашиглалтад оруулах бэлтгэл хангагдаж, тухайн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Барилгын хөгжлийн төвтэй хамтран улсын комисст авахаар ажиллаж байна.
Өмнөх I-II ээлжийн АЦБ-ийн хувьд батлагдсан зураг төсөвгүй тул түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулж ажлыг эхлүүлснээс болж олон алдаа, зөрчил гарч мэргэжлийн байгууллагын хяналтыг нөхөн гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг түр зогсоож зураг төсвийг нь эхэлж батлуулах шаардлага тавьж, гарсан алдаа, зөрчлийг залруулах ажлыг зохион байгуулснаар гүйцэтгэл удааширсан. Одоогоор магадлалаар хянагдаж баталгаажсан зураг төсвийн ажлын явц 95 хувьтай, 83 сумын 271 объектын, ажлын зураг дуусаж, төсөв боловсруулж магадлал томилуулж хянагдаж байгаа 9 сумын 36 объект байна. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж дараагийн III, IV ээлжид хамрагдах ариун цэврийн байгууламжийг эхлээд зураг, төсвийг нь мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, батлуулсны үндсэн дээр барилга, угсралтын ажлыг технологийн дагуу зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ингэснээр III ээлжийн 15 аймгийн 113 суманд 280 сургууль, цэцэрлэг, дотуур байрын зураг төсөл боловсруулах ажлын нийт 1,765.2 сая төгрөгийн дүнтэй гэрээг 7 аж ахуйн нэгжтэй байгуулан 2022 оны IV улиралд багтаан дуусгахаар төлөвлөөд байна. Төслийн 4 дүгээр ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 17 аймгийн 88 сумын 200 объектын жагсаалтыг холбогдох аймгуудын Засаг дарга болон Боловсрол, шинжлэх ухааны газруудад бодит байдал дээр давхардсан болон орхигдсон объект байгаа эсэх судалгааг гаргуулан авч, төлөвлөгөөнд тусгаж 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Салбарын сайдын дээрх мэдээлэл, танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Т.Аубакир, Ж.Мөнхбат, Х.Ганхуяг, Г.Мөнхцэцэг, Б.Бейсен нар асуулт асууж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авснаар хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.