Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Монголын махны холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Ингэснээр уг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын дагуу бэлтгэсэн мал, махыг малчид, хоршоодоос мал төхөөрөх үйлдвэрт биржээр дамжуулан арилжих, цахим дуудлага худалдаа зохион байгуулах, мал, мах борлуулах жишиг үнийн мэдээллийг тогтмол гаргах, экспортын нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь.
Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт долоон байгууллага оролцож, холбогдох хууль, тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн авдаг аж. Эл бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бүрдүүлэхдээ давхардсан тоогоор 54 бичиг бэлтгэдэг. Тэгвэл “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем” нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, үүнд тэдгээр байгууллагыг холбож, давхардал үүсэж буй баримт бичгийн мэдээллийг нийлүүлэгч аж ахуйн нэгж нэг удаа оруулах боломж бүрдүүлэх аж.
“Хөдөө аж ахуйн бирж” махны жишиг үнэ тооцоолох аргачлалыг гулууз, цул, экспортын хөлдөөсөн мах болон экспортын дулааны аргаар боловсруулсан мах гэсэн нэр, төрөл тус бүрээр “Өртөг, зардлаас тооцох арга”-аар гаргажээ. Бирж нь махны үнийн мэдээллийг тогтсон хугацааны давтамжтайгаар зах зээлд мэдээлэх бөгөөд түүнийг үндэслэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгж үнийн тооцооллоо гаргаж худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг гүйцэтгэх нь. Ингэснээр манай улсын мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг гадаадын зах зээлд нэмэгдүүлэх, үнийн доод хязгаарыг тогтоох улсын бодлогыг хэрэгжүүлэх хөшүүрэг болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.