Монгол Улсын энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 15.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 17.4 хувиар өсжээ. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.4 их наяд төгрөг болж, 23.5 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 15.6 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 2021 оны мөн үеийнхээс 740.8 тэрбумаар багассан аж. Татварын орлого урьдчилсан гүйцэтгэлээр 13.1 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 26.3 хувиар өссөн дүн болов. Нэмэгдсэн өртгийн албан татвар 954.5, нийгмийн даатгалын орлого 691.2 тэрбум төгрөгөөр дээшилсэн нь үүнд голлон нөлөөлжээ. Харин орлогын албан татвар 417.4 тэрбумаар буурчээ. Үүнээс гадна мөнгөний нийлүүлэлт 2021 оны мөн үеийнхээс хоёр их наядаар ахин, энэ оны 1-11 дүгээр сард 27.4 их наяд төгрөгт хүрэв. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү нэмэгдэхэд валютын харилцах дансны үлдэгдэл хоёр их наяд, валютын хадгаламж 723.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг дээрх тайланд дурдлаа.