Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ яаралтай горимоор хэлэлцэн, гурав хоногт баталлаа. Ердийн горимоор буюу энэ долоо хоногт Ерөнхийлөгч хориг тавьж болох хуулийн хугацаа дуусаж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэнээс буюу баталснаас хойш 10 орчим хоногийн дараа эдгээр хуулийг хэрэгжүүлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл, “нүүрсний хулгайч” нарыг гэсгээн цээрлүүлэх гэж баталсан эл хууль лав л өдгөө нэр нь тодроод буй албан тушаалтнуудад үйлчлэхгүй. Тэр ч бүү хэл, дараагийн “ээлж”-д ил болох этгээдүүдэд ч хамаатай, эсэх нь эргэлзээтэй. Улмаар сая баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө хэргийг нь хянан шийдвэрлэх процесс нь эхэлсэн болгохын төлөө хошуурч ч мэднэ.
Нөгөө талаас хэн нэгнийг “хэрэгтэн” хэмээн нэрлэж, ял, шийтгэл ногдуулах луужин нь байдаг уг хуулийг хоёр, гуравхан хоногт баталлаа, хөнгөн, хуумгай хандлаа, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдлөө гэх шүүмжлэл бий ч өвлийн хүйтэнд жагсаж, цементэн дээр хэвтэж байгаа хүмүүсийн шаардлагад хариу болгож буйн хувьд алгуурлах ёсгүй хэмээх тайлбар дагалдана. Авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зорилготой уг төсөл Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийг үндсэндээ хамарсан юм.
Тухайлбал, сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан асуудал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүд хэчнээн тэрбумаар нь хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрч байна гэх явдал байсан. Хуулийн ийм зөрчлийг үүгээр шийдвэрлэв. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайд, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, улсын ерөнхий прокурор, парламентад ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.
Гэхдээ авлига өгснөө сайн дураар илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг зохицуулалт нь авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлдэг нэг хэлбэр хэмээн үнэлэх нь бий. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэдэг болсон 2017 оноос өмнө АТГ жилд дунджаар 2-4 хэрэг шийддэг байжээ. Харин мөн оны долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлснээс хойш жилд дунджаар 63 хэрэг шийддэг болсныг хэлэлцүүлгийн үеэр албаныхан мэдээлсэн юм. Цаашлаад 2020 онд 114, дараажилнь161 авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх зохи цуулалтыг “ад үзэж”, Эрүүгийн хуулиас хасчихвал энэ төрлийн томоохон гэмт хэрэг илрэхгүй, харин ч хийсэн хүмүүс нь ял шийтгэл хүлээхгүй үлдэх вий гэх эрсдэл бийг цөөнгүй гишүүн анхааруулж байлаа.
Дээр дурдсан албан тушаалтнууд авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах нь. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ял ногдуулахгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг зохицуулалт үйлчилнэ. Харин авлигын гэмт хэрэгт Эрүүгийн хуульд байгаа хамгийн дээд ял болох 20 жил буюу бүх насаар нь хорьж шийтгэхээр болсныг уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн гишүүн Б.Энхбаяр онцолно лээ.
Түүнчлэн авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй. Мөн халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг энэ хуульд тусгалаа. Гэвч хөөн хэлэлцэх хугацааг нь байхгүй болгосноор албан тушаалтныг насан туршид нь АТГ, цагдаа гээд хуулийн байгууллагын үүдийг сахих ажилтай болгож болохгүй гэж шүүмжлэх хэсэг ч байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн “Авлигын гэмт хэрэг” хэмээх 22 дугаар бүлэгт “Хахууль авах” гэсэн зүйл нэмэгдлээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нийтийн албан хаагчдад ногдуулах ялыг чангатгаж буйтай холбоотойгоор тухайн хэрэгт хамаатай хувийн секторт хамаарах зохицуулалтыг үүгээр тусгайлан оруулж буй аж.
Засгийн газраас санаачилсан эл хуулийн 22.1.2-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалт бий. Энэ бол өнгөрсөн хэдэн өдрийн турш УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн жишээ болгон ярьсан зүйл л дээ. Тухайлбал, авлигын гэмт хэрэгтнийг дээр дурдсан ялын хамгийн доод хэмжээ болох хоёр жил ногдуулсан байг. Тэгвэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаснаар өөрөө хэргээ хүлээж, бас хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамжсан хүмүүсээ илчлэн, учруулсан хохир лоо барагдуулчихвал ялыг нь 50 хувиар хөнгөлж болохгүйг тэрбээр анхааруулсан юм. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн ялыг дээрх шалтгаануудаар хөнгөлж, нэг жил болгоод, шийтгэлээ эдэлж эхлэнгүүтээ сайн хүмүүжсэн, алдаа, дутагдал гаргаагүй гэх мэт үндэслэлээр дахин “хөнгөлөлт”-д хамрагдан, ердөө зургаан сар “суусан” болчихоод суллагдаж болохгүйг хэлж байлаа. Юутай ч ийм завсар, хийг нь арилгаж баталсныг Б.Пүрэвдорж гишүүн, Х.Нямбаатар сайд хоёрын хэн хэн нь, шүүмжилж, шүүмжлүүлсэн гэлтгүй баяртайгаар хэлж байна.
“Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэгчлэн юутай ч авлигын гэмт хэргийн ялыг чангатгаж, жагсагчдын шаардлагад хариу өгөв. Гэхдээ ялыг нь чангатгалаа гээд авлигын гэмт хэрэг шууд буурах уу гэдгийг ирэх өдрүүд харуулна. Ард түмэн жагсангуут “айсандаа” батлав уу, авлигыг бууруулах чин хүсэл эрмэлзэл байна уу гэдэг нь ч энэ өдрүүдэд ихээхэн эргэлзээ дагуулж, бас талцуулж байна. Өнгөрсөн баасан гарагт орой болсон хойно Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлаад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзаж, жагсаалаа дуусгахыг хүссэн юм. Гэвч иргэд өнөөдөр ч жагсаж, Төв талбайд хонож байна. Шөнө дүлээр ч хамаагүй Төрийн ордныг туг далбаа, уриа лоозон барин тойрч, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн хөрөнгийг нь хураа хэмээн уухай хашхирч байна. Иймд гэмт хэргийг нь илрүүлдэг, шалгадаг, хянадаг, ялладаг байгууллагууд болон шүүхийн системийг боловсронгуй болгох, хараат бусаар ажиллах чадамжтай тогтолцоогоо улам сайжруулах нь одоо юу юунаас илүү чухал гэлтэй. Эдгээр байгууллагынхан, удирдаж байгаа хүмүүст нь ямар түлхүүр атгуулснаа ямагт санах учиртай. Тэд хожим дийлдэхгүй болох вий гэж болгоомжлох хүн ч цөөнгүй аж. Ямартай ч ял завшдаг явдлыг яаруу баталсан хуулиар зогсоогоосой гэж хүснэм.