УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаарх мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр С.Одонтуяа "Засгийн газрын гадаад өрийг нүүрсний хулгайд алдсан мөнгөөр төлүүлэх боломж байгаа юм биш үү. Төсвийг алдагдалтай баталвал гадаад өрийг төлөхөд хүндрэлтэй болно гэдгийг Ардчилсан намын бүлэг удаа дараа хэлж байсан. . Засгийн газарт өрөө төлөх боломж байхгүй мэт харагдаж байна. Төсвийн асар их алдагдлаар маш их боломжийг алдсан байна. Тухайлбал, гэр хорооллын бүх айлыг орон сууцад оруулах, метро тавих боломж байсан. Засгийн газрын ковидын үед хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд эдийн засагт маш их хохирол учруулж, үр дүнгүй бодлого хэрэгжүүлсэн. МАН-ын бодлогууд хувийн хэвшлийг дуусгалаа. Хувийн хэвшлийг яаж дэмжиж, энэ өрөө хэрхэн төлөх төлөвлөгөө байна уу? Татвар оруулж байгаа компанийн удирдлагууддаа ногоон пасспорт өгчихье гэж байна. Энэ бол зөв. Тавантолгой руу дайрснаас болж хувьцаа нь уначихсан. Танай намын бодлого ард иргэдийг татвар төлөхөөс зайлсхийх хандлагатай болгож байна. Үүнд сангийн сайд хариулт өгөөч" хэмээлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Нүүрсний хулгайд алдагдсан нийт мөнгөний тооцоог гаргаж чадахгүй байна. Хуулийн байгууллагаар шалгасны дараа бид энэ тооцоог гаргаж авна. Ковидын нөлөөлөл, дайны нөлөөллийг арилгахын төлөө гаргасан зардал бидэнд үнэтэй туссан. Тэгсний үр дүнд эдийн засаг өсөлттэй гарсан. Бид үүнийг тоон үзүүлэлтээр гаргаж ярьж байна. 2020 онд долоон хувийн уналттай эдийн засаг гарсныг 2021, 2022 онд тогтворжуулж чадсан. Үүний тулд зарцуулсан зардал гэж ойлгоорой. 2023 оны төсөв бол алдагдлаа бууруулахад чухал нөлөөтэй сайн болсон гэж харж байна. Ирэх жил төлөх гадаад өр бол маш том сорилт. 2020-2024 онд 5,1 тэрбум ам.долларын өрийн төлбөрийн хуваарь ирж байгаа юм. Энэ жил Чингис бондын эцсийн төлбөрийг урьдчилж төлсөн" гэлээ.