Монголчууд жил бүр 20 гаруй сая мал төхөөрдөг гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлдэг. Үүнээс элэг, зүрх, бөөр буюу дотор мах, салслаг дайвар бүтээгдэхүүн болох гүзээ, сархинаг, цус зэрэг үнэ цэнтэй түүхий эд мөн төдий тоогоор гарч буй юм. Уг нь дотор мах, дайвар бүтээгдэхүүний анхны үнэтэй харьцуулахад боловсруулж, бэлэн болгосон хүнснийх нь хэд дахин өндөр. Тодруулбал, уржигдрын байдлаар хотын төвийн зарим хүнсний захад богийн толгой, цувдай болон элэг, үхрийн гүзээ зэргийг кг-аар, эсвэл ширхгээр нь 5000-15 000 төгрөгөөр борлуулж байв. Богийн элэг кг нь 3000, гүзээнд нь хийсэн гэдэс, үхрийн гүзээ кг нь дунджаар 10 000 төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл дулааны аргаар боловсруулсан буюу амталж, чанаж, вакумжуулсан бүтээгдэхүүнийг кг тутамд нь 2-3 дахин өндөр үнээр борлуулдаг.
Дээр дурдсан 20 сая малаас сүүлийн жилүүдэд таван сая орчмыг нь зориулалтын үйлдвэр, цехэд төхөөрч, жилд 550 000 тонн мах бэлтгэжээ. Малын амьдын жинд үндэслэн хүнсэнд хэрэглэж болох дотор махны хэмжээг тооцоход Монголд жилд дунджаар 100 000 тонн дайвар бүтээгдэхүүн гардаг юм байна. Мөн шулсан ясыг нэмбэл эл тоо хоёр дахин өсөхийг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарынхан тооцжээ. Харин дотор мах, дайвар түүхий эдийг боловсруулах үйлдвэр цөөн, хүчин чадал муу. Тийм учраас мах бэлтгэлийн явцад гарсан түүхий эдийн дийлэнх нь биологийн хаягдал болсоор байна. Уг нь малын дотор мах, дайвар түүхий эдээс үл орлогдох триптофан, оксипролин гэх амин хүчил ялган авах боломжтой аж. Ялангуяа элэг, бөөр, зүрх, уушги, дэлүү буюу таван цул нь уураг, төмөр, кальци, фосфор, селен, магни зэрэг аминдэм, эрдэс бодисын агууламж өндөртэй. Үүнээс гадна хүний арьсны нийлэгжилтийг хадгалан, чанга, уян хатан байлгах гол “цавуу”, үе хоорондын холбоос, гагнаас болдог коллагены үндсэн түүхий эд нь мал, амьтны тагалцаг буюу үс, хуйхтай хэсэг юм. Гэтэл манайд жил бүр бог, бодын хэдэн сая ширхэг шийр, тагалцаг, толгой мөн хаягдсан хэвээр байна. Богийн толгой хуйхлан, бүтнээр нь, эсвэл жижиглэн, савлаад борлуулж байсан, Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Олзвой “Эмээлт” захын ойролцоох мал төхөөрөх цехийн хаягдал үхрийн тагалцгийг үнэгүй, хонины толгойг 500 төгрөгөөр худалдан авч, хуйхалж, чанаж царцаамаг хийгээд 2020-2021 онд борлуулдаг байсан. Гэхдээ худалдан авагч тогтмол биш, тэдгээр бүтээгдэхүүнийг боловсруулахад ажиллагаа ихтэй, борлуулах үнэ хямд учраас хоёр жил гаруй болоод жижиг бизнесээ зогсоосон. Үүний шалтгаан нь дайвар бүтээгдэхүүний эрүүл мэндэд үзүүлэх өгөөжийг хэрэглэгчид мэддэггүй, хүнсэндээ хэрэглэж хэвшээгүй. Мөн хүүхдүүд бараг иддэггүйтэй холбоотой” гэлээ.
Малын үс хуйхтай хэсэг, арьс, ширнээс бүх төрлийн цавуу гарган авах боломжтой, уг нь. 1990 оноос өмнө манай улс арьс, ширний халимнаас (малын арьсанд наалдаж үлддэг өнгөн хальс) цавуу үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ хангадаг байжээ. Тэгвэл өдгөө цавуу хийх үйлдвэргүйгээс 2021 онд Австрали, АНУ, Австри гэсэн гурван орноос таван тонн цавуу худалдан авахад, багагүй хөрөнгө зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болохоор байна. Үүнээс гадна яснаас гурил гаргах, түүгээр гэрийн тэжээмэл амьтны хоол хийх өргөн зах зээл бий аж. Олон улсад гэрийн тэжээмэл амьтны хоолыг яснаас үйлдвэрлэдэг бөгөөд жил бүр эрэлт нь нэмэгдэж байгаа бүтээгдэхүүнд тооцогдож буй. Харин манайд яс боловсруулж, гурил хийдэг нэг л үйлдвэр бий. Тэд гурилаа БНХАУ руу экспортолдог, үйлдвэрийн хүчин чадал багатайгаас өнгөрсөн жил 325 тонныг нийлүүлжээ. Энэ мэтчилэн манайд хаягдаж буй бүтээгдэхүүний өгөөжийг дурдаад байвал олон байна.
Малын таван цул, дотор гэдэс, цус зэргээр эм, тан, эрүүл мэнд гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн хийдэг Хятад, БНСУ, болон Азийн зарим улс манайхаас мал хөлөөр нь импортлох сонирхлоо байнга илэрхийлдэг. Учир нь тэдгээр улсад энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр, эрэлт их гэнэ. Гэхдээ манайд одоогоор малаа амьдаар нь экспортлох боломж байхгүй. Хууль, эрх зүйн хүрээнд ч, малын эрүүл мэндийн шаардлагын улмаас экспорт хязгаарлагдмал хэвээр. Тиймээс эхний ээлжид дайвар бүтээгдэхүүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэртэй болох ёстой. Үүний тулд мах боловсруулах том, жижиг үйлдвэр бүрт ангилан ялгах цех байгуулах учиртай гэнэ. Хэрэв малаас гарсан түүхий эд тус бүрийг ангилан ялгаж хэвшвэл дараагийн шатны боловсруулалтад шилжүүлэхэд дөхөм болдог байна. Ангилан ялгах цех нь хөргүүр болон бүтээгдэхүүн тус бүрийн онцлогт тохирсон хадгалах орчин бүрдүүлнэ гэсэн үг. Мөн орон нутгуудад хүнсний бүтээгдэхүүний судалгаа, хөгжлийн төвүүдийг байгуулж, дайвар бүтээгдэхүүнээр төрөл бүрийн бэлдмэл хийх технологи нэвтрүүлэхэд анхаарах шаардлагатай. Үүнээс гадна дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг нэг удаа угаасан усыг хөрсөнд шингээвэл үнэ цэн бүхий бордоо болдог аж. Харин дараагийн угаалтын өөх, тостой усыг савангийн үйлдвэрт нийлүүлбэл өөх, тосоор нь саван хийх боломж бүрдэнэ. Цэвэрлэгээний явцаас гарсан хаягдал нь ч ашиг тустай учраас аймаг, сумын төвүүдэд байдаг мах боловсруулах үйлдвэрүүдэд тавих ерөнхий шаардлагад малын түүхий эд тус бүрийг ангилан ялгах, хадгалах тоног төхөөрөмж суурилуулах, улмаар ялгаж бэлтгэсэн бүтээгдэхүүнээ дараагийн шатны үйлдвэрт нийлүүлэхээр тусгах нь зүйтэй байх нь.
Хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох боломж нээлттэйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн яамнаас дурдлаа. Тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Өлөн гэдэс, гүзээ, ясны гурилын экспорт жил ирэх бүр нэмэгдэж буй. Ийм бүтээгдэхүүн гаргах дээд хязгаар, квот гэж байхгүй. Аж ахуйн нэгжүүд импортлогч талтайгаа зөвшилцөж, экспортын суваг олж чадвал бүх төрлийн дайвар бүтээгдэхүүн нийлүүлж болно гэсэн үг. Гэхдээ малын гаралтай зүйл учраас малын өвчлөл, хорио цээрийн асуудал хөндөгдөнө. Дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, аминдэм, эрдэс бүтээгдэхүүнийх нь үнэ цэнийг сурталчилж чадвал махнаас дутуугүй ашгийг экспортоос олох боломжтой” гэсэн юм. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч болохыг ХХААХҮЯ-наас дурдлаа. Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийн газрынхан “Дайвар бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр тусгайлсан зээл байхгүй бөгөөд мах боловсруулах үйлдвэрүүдэд зээл олгосон хэвээр байна. Мах боловсруулах үйлдвэрүүд дайвар бүтээгдэхүүнээ мөн боловсруулдаг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 52 төсөлд 2019 онд 7.5, 2020 онд 36 төсөлд 3.2 тэрбум төгрөг олгосон. Харин 2021, 2022 онд зээл өгөөгүй. Ирэх жил мах боловсруулах үйлдвэрийн төсөлд зээл өгөх, эсэхийг он гараад зарлана. Жил бүр ямар төсөл, хөтөлбөрүүдэд зээл олгох чиглэлийг Засгийн газраас зарладаг. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх бодлогын хүрээнд ирэх онд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд зээл түлхүү олгох бодлого бий” гэв.
Дайвар бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн судалгааг хэсэг эрдэмтэн, багш хийсэн талаар сонирхуулъя. Тухайлбал, Хөвсгөл аймгийн “Дүүрэн эрхэт” компани, дээр дурдсанчлан, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш нар “Таван цул дотор махан бүтээгдэхүүн” сэдэвт бүтээлээр өнгөрсөн долдугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн сайдын нэрэмжит грантыг хүртсэн. Энэ талаар дээрх сургуулийн багш “Манай улсад биологийн бохирдол болон хаягдаж буй олон мянган кг салслаг дайвар бүтээгдэхүүн, дотор махыг боловсруулан, үнэ цэнтэй бэлдмэл болгох нь бидний зорилго. Тиймээс цөөнгүй жил судалгаа хийсний үр дүнд хатаах аргаар гүзээ, сархинаг буюу салслаг түүхий эдээс уургийн бэлдмэл, цус болон дотор махнаас төмрийн бэлдмэл гарган авсан. Нэг удаагийн хэрэглээгээр савлан, 13 орчим минут буцалгаад идэх зориулалттай бэлдмэл юм. Гэдэс дотрын үнэрийг нь дарж, ногоогоор баяжуулах зэргээр төрөлжүүлэн, бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн. Малын дайвар бүтээгдэхүүний өгөөж маш их. Уураг, коллаген, төмөр болон бусад эрдсийн агууламж өндөр. Импортын аль ч бүтээгдэхүүнээс дутахгүй. Эн тэргүүнд бид малын гаралтай түүхий эдийнхээ чанарыг баталгаажуулж сурталчлах хэрэгтэй. Дараа нь малаас гарч буй түүхий эд тус бүрийг боловсруулах цогц үйлдвэртэй болох нь чухал” гэв. Түүнчлэн “Дүүрэн эрхэт” компанийнхан таван цултай будаатай болон гоймонтой шөл, гүзээний зутан шөл үйлдвэрлээд байгаа аж. Эдгээр нь 100 орчим грамм жинтэй бөгөөд 30 хувь нь таван цулын бэлдмэл юм байна.