УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэндэмжлээ. Засгийн газраас өргөн барьсан төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм (Хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь А4 нүүрнээс уншина уу). Гишүүдээс тавьсан асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаныхан хариулт өгснийг тоймлон хүргэж байна.
С.ЧИНЗОРИГ (УИХ-ын гишүүн):
-Эрүүгийн хуулийн 22.12.2 дахь хэсэгт төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хэрэг үйлдсэн бол торгох, зорчих эрхийг нь хязгаарлах ялтай байна. Гол хулгай, луйвар чинь эдгээр газарт л байгаа шүү дээ. Ингэж хариуцлагыг чангатгаж байгаа юм уу.
П.САЙНЗОРИГ (Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга):
-Энэ зүйл нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах буюу төр, хувийн хэвшлийн аль алинд нь хамаатай. Өөрөөр хэлбэл, одоо 2700-14 000 нэгжээр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсвэл хорих ялтай гэмт хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн нэмж байгаа юм. Тухайлбал, гуравхан жил хүртэл хорих ялтай байгаа хэрэгүйлдвэлхэрэгтэнд нь торгох ялаар хүндрүүлж, бас хорих ялыг нь таван жил хүртэл нэмэгдүүлж байгаа.
Ж.БАТЖАРГАЛ (УИХ-ын гишүүн):
-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ үүний далбаан дор янз бүрийн юм ярьдгаа больё. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын талаар яамны Төрийн нарийн бичгийн дарга ярьдаггүй юм, П.Сайнзориг оо. Энэ бол парламентын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа явдал. Нийгмийн сэтгэл зүй амаргүй байхад “Чоно борооноор” гэдэг шиг элдвийн юм битгий яриад байгаарай. Парламентын гишүүний халдашгүй байдал гэдэг зүйлээр УИХ-ын гишүүнийг биш, сонгогчийг нь, хууль тогтоох байгууллагыг нь хамгаалдаг юм. Нөгөө талаас төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага чанга байх ёстой. Тэднийг томилсон хүмүүст ч хариуцлага тооцох учиртай. Эрүүгийн хуулийн 22.1 буюу албан тушаалаа урвуулан ашиглахтай холбоотой заалт бол төрийн өндөр албан тушаалтнуудад үнэндээ бараг хамаагүй. УИХ-ын гишүүн хөгжлийн төлөө албан бичиг илгээж, хүсэлт тавьсныхаа төлөө буруудах ёстой юм уу.
Х.НЯМБААТАР (Хууль зүй, дотоод хэргийн сайд):
-П.Сайнзориг өчигдөр (уржигдар) зүгээр л мэдээлэл хийсэн шүү дээ. Эл төслийн тодорхой зүйл, заалтуудын талаарх мэдээллийг олон нийтэд өгөхийг би даалгасан юм. Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу “УИХ-ын гишүүний халдашгүй байдал” гэдэг ойлголтын эрх зүйн зохицуулалтыг яаж боловсронгуй болгох вэ гэдэг талаар судлах үүргийг манай яамныханд Ерөнхий сайдын зүгээс өгсөн. Мэдээж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх нь зөвхөн парламентад хадгалагддаг гэдэгтэй тантай санал нэг байна. Таны яриад байгаа 22.1-ээр хэргийг хялбаршуулан шийдэж байгааг үндсэнд нь болиулна. Ер нь уг зүйлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн бол гэмт хэргийн субъект болж байгаа юм. Жишээ нь, “ЖДҮХС-гийн” гэх хэрэгт холбогдсон гишүүд өөрийнхөө албан бланк дээр компанийн нэр бичиж, “Энэ аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана уу” гэж хүссэнийхээ төлөө ял, шийтгэл авсан тохиолдол бий. Таны яриад байгаа хөгжлийг дэмжсэн, жишээ нь, орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүдийг бойжуулах гэх мэт зорилгыг үүнээс ялгаж, зааглах талд цаашид анхаарах ёстой.
Н.АЛТАНХУЯГ (УИХ-ын гишүүн):
-Авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь ямар байх юм бэ. Ийм хугацаа албан тушаалтны хэрэгт байхгүй, ял наймаалцдаг байдлыг халаасай. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг сайд, гишүүдийн хатгаасаар л тавьж байгаа шүү дээ.
Уг нь томилогдсон, томилуулсан хоёр адилхан л хариуцлага хүлээх ёстой. Гэтэл тэр захирлыг торгох ялаар шийтгэнэ гэх шиг болох юм. Үндсэндээ залуучуудыг даргаад томилоод, дараа нь шорон руу явуулаад байгаа биз дээ. Авлигын хэрэгт ер нь торгох ял байж болохгүй. “Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор хэсэг хүмүүсийг хуулийн байгууллага зарлаад байгаа юм уу, эсвэл нам оролцоод байна уу гэдгийг ч ойлгохоо байлаа. Нэг ч удаа дуудаагүй байтал гэнэт нэрийг нь зарлачихсан юм билээ. Аль нам нь хамаа алга, хүмүүсийг ингэж болдог юм уу?
Х.НЯМБААТАР:
-Бид таны хэлээд байгаа агуулгыг тусгасан хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард өргөн барьж, хэлэлцэх, эсэхийг нь шийдээд, ажлын хэсгийг нь байгуулчихсан. Эрүүгийн хуулийн том өөрчлөлтл дөө. Гэхдээ гадаах нөхцөл байдлаас болж Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн өргөн хэлэлцүүлэг хийхээс зайлсхийж, тусдаа горимоор 22 дугаар бүлгийг эргэн харж, 40 сая төгрөгөөр торгоод өнгөрдгийг болиулъя, хэргийг хялбаршуулан шийдвэрлэхийг хориглоё гэсэн гол агуулгаар энэ төслийг ярилцаж байна. Ер нь хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшсан нэг ч хүн байхгүй. 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан, хөөн хэлэлцэх хугацааг тоолохжурам, аргачлалыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог зохицуулалттай болсон шүү дээ. Харин 2017-2020 онд яг энэ заалтаар ял завших вий гэдэг үүднээс Эрүүгийн хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосныг нэхэж, ял, шийтгэл оноох ёстой гэж үзсэн. Үүний дагуу олон албан тушаалтыг ялласан юм. Эрүүгийн хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд “өгч”, хүчингүй болгуулсан ч уг хууль хэдийн үүргээ гүйцэтгэчихсэн байсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааны талаар ийм бүрхэг ойлголтыг нийгэмд өгөх хэрэггүй. Ш.Раднаасэд гишүүн хүртэл над руу дайраад л байгаа. Сэтгэл санааных нь байдлыг ойлгож байгаа учраас сөрж ярихгүй байгаа шүү. Энд бүх хэргийг хахууль авах, өгөх, албан тушаалаа урвуулан ашиглах гэдгээр ойлгож болохгүй. Эрүүгийн хуулийн эл бүлэгт 10 гаруй төрлийн гэмт хэргийг заасан байдаг. Нийгэмд учруулж буй хор уршиг нь харилцан адилгүй байгаа хэргүүдэд төр ялын бодлогоо ялгаатай тодорхойлох ёстой. Тиймээс эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт торгуулийн ял өгөхөөргүй болсон. Гэтэл нийтийн албан тушаалтан дураараа аашиллаа гэдгээр жишээ авбал, сумын иргэд тоос босоод гэхээр Засаг дарга нь өөрт байхгүй эрх мэдэл “ашиглаж” орон нутгийн чанартай замыг хааж байгаа явдлыг нэрлэж болно. Энэ болгонд хорих ял өгөөд байж болохгүй биз дээ. Ер нь Эрүүгийн хуулийг хэлэлцэхдээ нийгмийн сэтгэл зүй, хөөрөлд хөтлөгдөж, савлаж болохгүй. Хахууль аваад үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа албан тушаалтан 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаад л олон нийт бухимдаад буй шүү дээ. Түүнээс биш сумын сургуулийн нягтлан бодогч, нярав хоёр аудитын дүгнэлтээр 250 мянган төгрөгийн зөрчил гаргалаа гээд хорих ял өгөөд байвал ялын бодлогоороо шоронжсон улс болно.
П.САЙНЗОРИГ:
-Энэ төсөлд зааснаар тодорхой албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр тодруулан тусгасан. Эрүүгийн хуулийн 22.10-т зааснаар зургаан сараас гурван жил хүртэлх хорих ял ногдуулахаар буй. Үүнд хүндрүүлэх бүрэлдэхүүн оруулан, ялыг нь чангатгахаар тусгасан.
Ж.СҮХБААТАР (УИХ-ын гишүүн):
-Уг төсөлд тусгаснаар ялын дээд хэмжээ нь бага хэрэгт торгох ялыг хэрэглэх гээд байгаа юм. Томоохон авлигын хэрэгтнүүдэд торгох ялыг хэрэглэхгүй. Харин “Хохирлоо нөхөн төлсөн бол хорихоос өөр төрлийн ял ногдуулна” гэсэн заалтыг улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд хэрэглэх юм уу. Нөгөө талаас болохгүй байгаа бүх зүйлийг хууль дээр овоолмооргүй байна. Хуулийг хэрэглэж байгаа хүмүүс нь хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас УИХ-ын гишүүн бол албан тушаалтан биш, ард түмний төлөөлөгч юм. Гэтэл ард түмэн чинь гадаа жагсаад, албан тушаалтнуудын хөрөнгийг хураахыг шаардаад байна шүү дээ. Шүүхээр албан тушаалтнуудын хэргийг шийдвэрлэж байгаа ч иргэд, олон нийт сэтгэл дундуур байгааг анхаарах хэрэгтэй.
П.САЙНЗОРИГ:
-Улс төрд нөлөө бүхий этгээдийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн үндсэн бүрэлдэхүүнээр зүйлчлэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, 22 дугаар бүлгийн хэргүүд дандаа хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байгаа. Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн нь бүгд хорих ял, өөр санкц байхгүй. Тиймээс уг төслийн 6.7-д заасан “мөрдөн байцаах ажиллагаанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх”-тэй холбоотой зохицуулалт нь нийтлэг байдлаар үйлчилнэ. Авлигын хэрэгт сургуулийн захирлаас авхуулаад янз бүрийн хүмүүс холбогддог. Харин улс төрд нөлөө бүхий этгээд буюу өндөр албан тушаалтнуудад 6.7-гоор өөр төрлийн ял ногдуулах боломжгүй. Тиймээс буруугаар ашиглах вий, хорих ял өгөхгүй, торгох, эсвэл зорчих эрхийг хасах ял ногдуулсан болоод өнгөрнө гэх асуудал үүсэхгүй. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд зөвхөн хорих ял ногдуулна. Энэ төсөлд хорих ялын хэмжээг ч нэмэгдүүлэн тусгасан.
Б.БАТЦЭРЭН (Дээд шүүхийн шүүгч):
-Гэмт хэргийн замаар олсон, үүнийг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгө, хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хөрөнгийг нь хураах шийдвэрийг шүүх ердийн журмаар гаргахаар уг хуулийн төсөлд тусгасан. Мөн төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тохиолдолд прокурор хөрөнгийг нь хураах, хохирлыг барагдуулахаар иргэний нэхэмжлэл гаргахаар оруулсан байгаа. Эл нэхэмжлэлийг нь эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэх гэх мэт нэмэлт заалт бий. 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталсан Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдах хүртэл тоолохоор заасан байсан юм. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлж эхлээгүй байхад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан, хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг хийсэн өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолдог болсон. Эндээс хуулийн хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн учраас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан хуулиар өөрчилсөн юм. Энэ нь гэмт хэргийн талаарх онолын ойлголт, хуулийнхаа бусад зүйл, заалттай уялдаж, зөрчил, хийдэл нь арилсан. Гэхдээ энд нэг асуудал бий. Эл нэмэлт, өөрчлөлтийг батлахаас өмнө үйлдсэн гэмт хэргүүдэд уг хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг хэрэглэх үү, үгүй юү. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, эсэхтэй холбоотой маргаан гарсан. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 9-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар албан ёсны тайлбар гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь процессын хэм хэмжээг агуулсан учраас энэ хуулийг батлагдсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг буцаан хэрэглэхгүй гэж үзсэн. Гэхдээ нэр бүхий хуульч, иргэн Дээд шүүхийн эл тайлбар нь Үндсэн хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр Цэцэд хандаад буй. Үүний дагуу маргаан үүсгэх, эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Ш.РАДНААСЭД (УИХ-ын гишүүн):
-Би ямар хэрэг хийсэн юм бэ, хэлээд өг. Жинхэнэ хулгайч нарыг нь яагаад зарлахгүй байгаа юм бэ. Тэр хүмүүсээ аврах гэж хууль бичиж байгаа чинь сайн юм биш шүү. “Голомт”- ын Баясгалан гэх мэт оффтэйк гэрээ хийсэн хүмүүсээ яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ. Тэр хэрэгт оролцсон Д.Сумъяабазараас эхлээд хүмүүс байна шүү дээ. Ер нь Монголын улс төрд ойрхон 500 орчим л хүн бий. Хэн хаана, хэнтэй юугаа нуугаад “иддэг”, хэн нь яаж хуйвалдсаныг мэднэ. “Эрдэнэс Тавантолгой”-д онц байдал тогтооё гэхэд Засгийн газрын 5-6 гишүүн хамгаалсан л гэдэг. УИХ-д байгаа болон байхгүй, хүний бөгөөд өөрийн намын гишүүдийн “идсэн, уусан” талаарх мэдээллийг хүмүүс бидэнд өгч байна. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа болиод алт болгож байна гэсэн шүү. Үүнийг хуулийнхан мэдэхгүй байна гэж үгүй. Хадгаламж, зээлийн хоршоодоор дамжуулан хэн хэдэн төгрөг угааж байгааг ч та нар мэднэ гэв.