Туркменистаны хийг Европ руу нийлүүлэхээр төлөвлөснөө Турк, Азербайжан, Туркменистаны удирдагчид мэдэгдэв. Тэд Туркменистаны аялал жуулчлалын “Аваза” бүсэд дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Үүний өмнө тус бүс нутгийн орнуудын улс төр, эдийн засгийн эв нэгдлийг харуулсан бүхэл бүтэн цуврал арга хэмжээ зохион байгуулсан аж. Эхлээд Самаркандад Түрэгийн орнуудын байгууллагын дээд хэмжээний уулзалт, дараа нь Актау хотод Казахстан, Турк, Азербайжан, Гүржийн Гадаад хэрэг, тээврийн сайд нарын уулзалт болж, Каспийн тэнгисээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх схемийн талаар хэлэлцжээ. Энэ хугацаанд болсон Төв Ази-Европын Холбооны уулзалт анхаарал татсан бөгөөд Европын Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель Туркменистаны Гадаад хэргийн дэд сайд Вепа Гажиевтай тусдаа хэлэлцээ хийсэн юм.
Брюссель, Баку, Ашхабадын Каспийн тэнгисээр хийн хоолой барих санаа нь онолын хувьд боломжтойг ажиглагчид тэмдэглэж байна. Энэ төсөлд шууд хамааралгүй Орос, Иран, Казахстан үүний эсрэг байгаль орчны асуудал хөндөж болох ч хориг тавих боломжгүй гэнэ. “Бид Туркменистаны байгалийн хийн асуудлаар гурван улсын эрх ашгийн төлөө хамтарсан алхам хийхэд бэлэн байгаа бөгөөд үүн дээр ажиллах ажлын хэсэг байгуулахаар шийдсэн” гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгджээ.
Уулзалтын үеэр тус гурван улс байгалийн асар их нөөцтэй хөрш орнуудын газар зүйн таатай байрлалыг харгалзан эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, түүнчлэн орчин үеийн транзит тээврийн дэд бүтэцтэй болох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцжээ. Тэрчлэн Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гурван талт хэлэлцээр, гаалийн хамтын ажиллагааны хамтарсан зөвлөлдөх комисс байгуулах тухай санамж бичиг байгуулсан гэнэ.
Эцэст нь Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев Зангезурын коридорыг (Бакугаас Нахичеван хүртэл Арменийн Мегри хотоор дамжин өнгөрөх замыг ингэж нэрлэдэг) байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг мэдэгдэв. Эл коридорын Азербайжаны хэсэгт төмөр замын ажил 40, хурдных 70 хувьтай явж буй аж. 2024 онд энэ ажил дуусаж, тээврийн шинэ коридор бий болно. Үүнээс гадна түүний хэлснээр Азербайжан улс одоогийн Баку-Тбилиси-Карс төмөр замын хүчин чадлыг нэг сая тонноос таван сая болгон нэмэгдүүлэхийн тулд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт нэмж хийх бодолтой байна.