Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг өнгөрсөн долоо хоногт орон нутгийн өмчит “Тавантолгой” компанид Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийхдээ тэрбээр эл ажлынхаа талаар товч танилцуулж, “Засгийн газар тус компанийн хувьцааг шилжүүлэн авах явдал гаргахгүй. Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд юуны түрүүнд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайг давж олборлосон байж болзошгүй 340 мянган тонн нүүрс, 379 машин буюу бүтэн нэг мөргөцгийг бүртгэлгүйгээр хил давуулсан уу, эсвэл шатсан уу гэдэгт тодорхой шийдэл гаргах үүрэгтэй. Гэхдээ шатах боломжгүй юм шиг байна лээ. Цаашлаад тэрхүү давж олборлосон талбайгаас олсон орлого нь яг компанийнхаа дансанд орсон уу гэдгийг ч нягтална. Олон улсын аудит оруулна” гэж байлаа.
Энэ өдрийн хуралдаанаар Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг батлав. “Эрдэнэс Тавантолгой” болон хүсэлт гаргасан Гашуунсухайтын боомт дахь чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар, нээлттэй арилжаа зохион байгуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх, чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг уг журмаар зохицуулах юм.
Мөн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий, шинэ автобус ны жагсаалтыг хуралдаанаар баталлаа. Түүнчлэн улсын нөөцөөс олгох бараа, материалыг өвөлжилт хүндэрч байгаа сумын малчдад оновчтой хуваарилж олгох, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов. Улмаар өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувиар хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталсан юм. Үүнээс гадна Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахаар Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхтэй холбоотой шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж, бүрэлдэхүүнийг нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж, томилуулахыг даалгасан юм.