-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барив-
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийсэн юм. Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ял ногдуулахааргүй байхаар уг төсөлд тусгасныг тэрбээр онцлов. Мөн эрх хасах ялыг 20 жил хүртэл ногдуулахаар чангатгажээ. Өдгөө албан тушаалтны нийтийн албанд томилогдох эрхийг 2-8 жил хүртэл хасах заалт үйлчилж буй. Ингэхдээ удирдах албан тушаалтан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгасан байна.
Түүнчлэн гэмт хэргийн замаар авсан эд хөрөнгийг нь хураадаг болохыг тэрбээр тодотгож, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэгсэхгүй болгосон ч гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг нь хурааж байгаа. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх явцад нугалаа гаргах тохиолдол байсныг үгүйсгэхгүй” гэв.
Жагсагчдын зүгээс авлига, албан тушаалын хэрэгтнийг 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг болохыг шаардаж буй. Энэ тухайд тэрбээр “Эрүүгийн хуульд 1-5, 2-8, 5-12 гэсэн интервалаар хорих ял оноож байгаа. Эрүүгийн хэргийн онол, зарчмын дагуу тогтоосон энэ интервалыг шууд 15 жил болгон өөрчлөх нь төвөгтэй. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн өөрчлөхдөө хэт сэтгэл хөдлөлөөр хандах нь эрсдэлтэй. Гэсэн ч энэ төрлийн хэрэгтнүүдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй, хамгийн хүнд ялаар шийтгэх агуулгыг төсөлд бүрэн тусгасан. Энэ нь сонгуулийн тухай хууль, тогтоомжид заасанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалттай уялдаж байгаа юм. Түүнчлэн эрх хасах ялыг нэлээд өндөр түвшинд аваачна. Авлигын хэргийг цаашид хялбаршуулан шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл, ял наймаалцахгүй гэсэн үг. Мөн албан тушаалын халдашгүй байдлаараа халхавчилж үлддэгийг болиулна. Тодруулбал, Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол холбогдсон гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалт нэмж орууллаа. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсооно. Улмаар бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татна. Ер нь албан тушаалтын орлого, татвар төлөлт, хэрэглээг нь уялдуулан хянах шаардлагатайг Ерөнхий сайд анхаарууллаа. Эрүүгийн хуулийг дагалдуулаад Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо шалгадаг байсныг АТГ хянадаг байхаар тусгасан. Нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орууллаа” хэмээн төслөө товч танилцуулсан юм.