Энэ удаагийн ДАШТ-ий гол сенсац нь “Атласын арслангууд” буюу Мароккогийн баг байв. ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африкийн анхныбаг болох Мароккогийн шигшээгийн амжилтын нууц юунд оршиж байна вэ?
- Европын топ таван лигийн аль нэгт тоглох нь хөлбөмбөгчид, цаашлаад шигшээ багийн өндөр амжилт гаргах суурь шалтгаан ажээ. Шөвгийн наймд шалгарсан хоёр багийн (Франц, Англи) бүх тоглогч, Аргентины 26 тоглогчийн 23, Бразилын 22, Португалын 19, Хорватын 15, Мароккогийн 14, Нидерландын 11 тоглогч топ таванлигт тоглодог юм.
- “Атласын арслангууд”-ын 14 тоглогч Мароккод төрөөгүй бөгөөд бүгд давхар иргэншилтэй. Улс төр, эдийн засгийн шалтгааны улмаас мароккочууд Европруу асар ихээр цагаачилсан нь сайн хөлбөмбөгчидтэй болоход нь нөлөөлжээ. Хөгшин тивд таван сая гаруй марокко хүн амьдардаг. Энэнь тус тив дэх Африкийн улсуудын хамгийн том төлөөлөл юм. Тийм учраас марокко хүүхдүүд багаасаа Европын хөлбөмбөгийн шилдэг сургууль, академид суралцах боломжтой болдог. Үүнээс шалтгаалж Европт тоглодог сайн хүүхэд, залуусыг ажигладаг скаутын баг Мароккогийн хөлбөмбөгийн холбоонд ажилладаг аж.
- Тус улсад хөлбөмбөгийн спорт харьцангуй сайн хөгжсөн. 15 жилийн өмнө тус улсын хаан Мухаммед IV (“Форбес”-ийн үнэлгээгээр Африкийн хамгийн баян хаан) эх орныхоо спортын хөгжил тааруу байгааг ихэд шүүмжилсэн. Тэр цагаас хойш хаан болон түүний хамтрагчдын эзэмшдэг Мароккогийн хамгийн том банк хөлбөмбөгт хөрөнгө оруулж, үүрэн холбооны хамгийн том компани нь хөлбөмбөгийн лигийн ивээн тэтгэгчээр ажиллах болжээ.
Тус улс 2009 онд нийслэл Рабатаас холгүй газарт15 сая ам.доллароор хөлбөмбөгийн анхны томоохон академиа байгуулсан юм. Энэ бүхэнд Мухаммед хаан хувиасаа болон өөрийн эзэмшлийн компаниудаасааихээхэн хөрөнгө оруулжээ.
- Хөлбөмбөгийн холбоог 15 жил удирдсан генерал Бенслиман 2014 онд ажлаа Сангийн сайд асан Фаузи Лекжад өгсөн. Ингэснээр холбооны ажил шинэ шатанд гарчээ. Мароккогийн хөлбөмбөгт гарсан олон хөгжил, дэвшилтэй чухам Ф.Лекжаг холбож үздэг билээ.
- 2019 онд Мухаммед хааны нэрэмжит хөлбөмбөгийн академид нэмж 65 сая ам.долларын хөрөнгө оруулан, томоохон төв болгосон юм. Эл төвд тус улсын бүх насны шигшээ баг бэлтгэл хийж, 12-18 насны шилдэг хөлбөмбөгчид амьдарч, сурах боломжтой. Тийм учраас уг төвийг Мароккогийн Клэйрфонтэн гэж нэрлэдэг.
- Эдгээр хөрөнгө оруулалт, сургалт үр шимээ өгч, тус академийн төгсөгч Юссеф Эн-Несири (Севилья), Найеф Агерд (Вестхэм), Аззедин Унаи (Анжер) нар өдгөө ДАШТ д шигшээ багтаа амжилттай тоглож байна.
- Мароккогийн Хөлбөмбөгийн холбооны жилийн төсөв нь 80 сая ам.доллар бөгөөд ихэнхийг нь Засгийн газар, төрийн өмчит компаниудаас “босгодог”. Үүнээс 25 сая ам.долларыг мэргэжлийн хөлбөмбөгчдийг хөгжүүлэхэд зарцуулдаг ажээ. Мөн тус улс хөлбөмбөгийн хамтын ажиллагааг тэлэх, сайжруулах ажлын хүрээнд Африкийн 40 орчим оронтойгэрээ байгуулсан юм.
- “Марокко улс Африкийн хөлбөмбөгийн тэргүүлэгч болохыг хүсдэг. Ийм бодлого нь өөрийн гэсэн өртөг, хөрөнгө оруулалтыг шаардах нь гарцаагүй. Бид юу хийхээ мэдэж байгаа” гэж Хөлбөмбөгийн холбооны нэгэн удирдах ажилтан өгүүлжээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар