Нийгэм, цаг үеийн хөгжлөө дагаад төрийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ цахимжуулахыг эрмэлзэх болсон. Дан ганц Монголд ч биш, дэлхий нийтэд ийм “хөдөлгөөн” эрчээ авч, иргэдэд төвөг чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх өрсөлдөөн өрнөж буй. Манай улс сүүлийн жилүүдэд цахим шилжилтэд онцгой анхаарах болсон. Засгийн газрын түвшинд нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, үе шаттай ажлууд хийж байна. Үүний томоохон жишээ нь “E-Mongolia” цахим үйлчилгээний нэгдсэн платформ. Иргэн, хуулийн этгээдэд газар нутаг, орон зайнаас үл хамааран төрийн олон төрлийн үйлчилгээг нэг цонхноос цахимаар үзүүлэх боломж бүрдүүлсэн нь эл системийн гол давуу тал. Энэ утгаараа тус платформыг төрийн цахим шилжилтийн “шүхэр” санаачилга гэж хэлж болно. Үүнээс гадна дижитал шилжилтийн хүрээнд гэх тодотголтой өчнөөн олон ажил төрийн шат шатны байгууллагад эмх замбараагүй, хяналтгүй үргэлжилж байна. Тэр бүрт төсвийн мөнгө сая саяар урссаар байгаа нь дэндүү хайран.
Ямар нэг ажил, үйлчилгээг хөнгөвчлөхөд зориулж хийлгэсэн тусгай аппликэйшн, вэб сайтгүй төрийн байгууллага ховор. Ганц удаагийн арга хэмжээ, аян, төсөл, хөтөлбөрт зориулж аппликэйшн, вэб сайт “үйлдвэрлүүлэх” нь энүүхэнд болсон. Гэтэл тэдгээрийнх нь дунд ажилладаггүй, иргэдийн цаг зав, уур бухимдал бардаг, боловсронгуй бус, хүртээмжгүй, наад захын өгөгдлүүдээ шийдээгүй, төрийн мэдээлэл солилцооны системтэй ч холбогдож чаддаггүй нь бий. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгал” аппликэйшн хэрэглэгчдийн тэсвэр тэвчээрийг бардаг. Системийн шинэчлэл хийж буй гэх нэрийдлээр үе үе “ажил хаядаг”. Өнгөрсөн хаваржингаа доголдсон. Лавлагаа, мэдээлэл харах болохоор “Уншиж байна” гэсэн бичиг гарч ирээд, заримдаа таг гацчихдаг. Уг аппликэйшнийг татаж авдаг хэсэгт иргэд “Бөөн алдаа, хайран цаг хугацаа”, “Цаг зав барсан, муу дизайнтай программаа засаарай”, “Нэвтэрч чадахгүй байна”, “Бүрэн ажилладаг систем алга”, “Баталгаажуулах холбоос дээр дарахаар ажиллахгүй юм” гэх зэрэг нийтлэг гомдол, шүүмжлэл үлдээжээ. Уг нь энэхүү аппликэйшнээс тэтгэвэр, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, сайн дурын гээд бүх төрлийн даатгалтай холбоотой лавлагаа, мэдээлэл авах боломжтой. Хэрэгцээ, ач холбогдлын хувьд өндөр. Гэвч иргэд энэ мэтчилэн бэрхшээлээс нь болоод ашиглахаас татгалзаж байна.
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын “Газрын цахим бирж”, “egazar” аппликэйшн мөн л ийм доголдолтой. Уг нь хэрэглэгч холбогдох мэдээллээ оруулж, бүртгэл үүсгэсний дараа цахим шуудангаараа шууд нэвтрэх сонголттой. Гэвч тэр нь ихэнхдээ алдаа заадаг. Төрийн мэдээлэл солилцооны ситемээр дамжиж, илүү үйлдэл хийж байж л саадгүй нэвтэрдэг. Мэдээллүүдээ ч шинэчилдэггүй. “egazar” аппликэйшний мэдээллийг хамгийн сүүлд 2020 онд шинэчилсэн байх жишээтэй. Ажил хайгч, олгогчийг хооронд нь зуучлах зорилгоор ХНХЯ-наас ашиглалтад оруулсан “ejob” аппликэйшнийг зарим утсанд суулгаж болдоггүй, тэр ч бүү хэл, цахим хайлтын системд гарч ирдэггүй гэж иргэд шүүмжилж байна. Хэт ухаалаг, үнэтэй утастай хүмүүс л үүнийг чөлөөтэй ашиглах бололтой. ЦХХХЯ, “Үндэсний дата төв” УТҮГ-ын санаачилгаар хийсэн, иргэдэд тоон гарын үсэг олгох “GSign” бас л “хүнд суртал” ихтэй. Шаардлагагүй, хэт олон, хувийн мэдээлэл шаарддагийг жирийн иргэдээс эхлээд мэргэжлийн хүмүүс ч шүүмжилсээр буй. БОАЖЯ-наас сурталчлан танилцуулж байгаа “ezagas” аппликэйшний мэдээлэл шалгах зарим цэсэд хандахад “Жимобайлын утаснаас 131516 тусгай дугаарт зурвас илгээнэ үү” гэсэн хачирхалтай “шаардлага” тавьдаг. Төрийн байгууллагуудын “үйлдвэрлэсэн” аппликэйшнтэй холбоотой энэ мэт доголдол, алдаа дутагдлыг дурдвал барагдахгүй.
Вэб сайт, мэдээллийн нэгдсэн системүүдэд ч ийм асуудал, доголдол их. Жишээ дурдъя. БОАЖЯ тусгай зөвшөөрлийн систем нэвтрүүлээд удаагүй байна. Үүнийг ашиглахын тулд хэрэглэгч баахан мэдээлэл оруулах шаардлагатай болдог. Зарим төрлийн зөвшөөрлийн хүсэлт илгээхэд алдаа заагаад явдаггүй гэнэ. Иймд үйлчлүүлэгчид төрийн захиргааны байгууллагад биечлэн очихоос аргагүйд хүрдэг аж. Мөн тус яам тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сан бий болгосон. Гэвч энэ нь боловсронгуй бус. Хайлтын систем нь заримдаа ажилладаггүй. Хэрэгтэй мэдээллээ авахын тулд өчнөөн хуудас “эргүүлэх” шаардлага үүсдэг. Хамгийн чухал мэдээлэл нь байдаггүй. Тухайлбал, газрын байршил, тушаалын дугаар, зөвшөөрөл олгосон сайдын нэр, ашиглагчийн регистрийн дугаар гэсэн чухал өгөгдлийг эл системд оруулсан хэрнээ ихэнхийг нь хоосон орхисон байдаг. Хэрэглэгчдээр таавар таалгах гэсэн бололтой. Ийм мэдээллийн сан гэж байх уу.
Нэг хачирхалтай баримт дэлгэе. Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Glam” системийг хөгжүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ авахаар 225 сая төгрөгийн тендер зарласан байна билээ. Мөн соёлын салбартай холбогдолтой зөвшөөрөл олгох үйлчилгээг төрийн цахим үйлчилгээнд нэгтгэх систем хөгжүүлэх зөвлөх үйлчилгээг 100 сая төгрөгөөр худалдаж авахаар санал болгосон байв. Түүнчлэн соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлэх ажилд үүнээс хоёр дахин их хэмжээний мөнгө төсөвлөжээ. Дурын нэг байгууллагын “Шилэн данс”-ны сүүлийн хоёр сар орчмын мэдээллийг шүүхэд л цахим систем хөгжүүлэхтэй холбоотой, ийм томоохон мөнгөн дүнтэй гурван тендер зарласан байна. ХНХЯ-ны тендерийн бүртгэлийг шүүхэд Etuslamj.mn цахим систем хөгжүүлэх, “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цахим систем хөгжүүлэх” ажлын урилга гарч ирэв. Төрийн байгууллагууд цахим систем хөгжүүлэх нэрийн доор улсын төсөвт багагүй дарамт учруулдгийг эндээс харж болно. Зөвлөх үйлчилгээнд л 100-200 сая төгрөг зарцуулдаг гэхээр аппликэйшн, вэб сайт, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх үндсэн ажилд үүнээс ч ихийг төсөвлөдөг байж таарна. Шинэчлэх, сайжруулах зэрэг урсгал зардалд ч багагүй хэмжээний мөнгө хуваарилдаг нь тодорхой.
Цахим шинэчлэл мэдээж олон талын ач холбогдолтой. Гэхдээ үүнд учиртай хандах хэрэгтэй. Наад захын хэрэгцээ хангаж чадахгүй, хүртээмжгүй, чанаргүй аппликэйшн, вэб сайт “үйлдвэрлэснээ” төрийн үйлчилгээг цахимжууллаа, иргэдэд шинэ боломж нээлээ хэмээн хөөрцөглөх нь өрөөсгөл. Шаардлагагүйг нь нэгтгэж, ижил төрлийн систем дахиж бий болгохгүй байхад анхаарах шаардлагатай. Аппликэйшн, вэб сайт бүтээх тоолонд төсвийн “тоолуурын заалт” сая саяар гүйж байдгийг мартаж болохгүй. Төр хэмнэлтээ эндээс эхлүүлэх нь зүйтэй санагдана.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд terbummod.com, modlog. mn зэрэг вэб сайт байгуулахаар төлөвлөж буй. Нэг нь дээрх хөдөлгөөний үйл явцыг, нөгөөх нь тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газруудын мэдээллийг хүргэх гэнэ. Энэ хоёрыг яагаад нэгтгэж болохгүй гэж. Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар “Газрын цахим бирж”, “egazar” аппликэйшнээ эхнээсээ яагаад нэгдмэл байдлаар хийсэнгүй вэ. Нийгмийн даатгалтай холбоотой үйлчилгээнүүдийн ихэнхийг нь “E-Mongolia” системд нэгтгэсэн учир цаашид “Нийгмийн даатгал” аппликэйшнийг шинэчилж, хөгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулах шаардлагатай юу. Олон байгууллагын үйлчилгээг нэг доор хэрхэн багтааж, төвлөрүүлж болдгийг “E-Mongolia” платформ харуулсан шүү дээ. Иймд цахим шинэчлэл нэрийн доор төрийн байгууллагынхныг тал талд дураар нь дургиулж, төсөвт дарамт учруулдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй.
Бэлтгэсэн Н.Мишээл