Өдгөө Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намыг бүгдийг нь тараая. Тэгээд бүгдийг шинээр эхлүүлье. Тоть шиг давтах болсон “тогтолцооны өөрчлөлт”-өө хийхдээ зөвхөн сонгуулийн хувилбар, УИХ-ын гишүүдийн тоог хөндмөөргүй байна. 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулиа дангаар нь шинэчилнэ гэж шуугихаас өмнө сууриар нь, цогцоор нь өөрчилье.
Дөрвөн жилийн өмнө өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өвлийн хүйтнээр жагсаж, өөрийнхөө намын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөгдөхийг шаардаж байлаа. Түүнийг МАНАН бүлэглэлийн толгойлогчдын нэгээр нэрлэж, “шударга бусын хонгил”-ын түлхүүрийг атгаж байгаа хэмээн цоллон, “60 тэрбум”-ын гэх хэргийнх нь төлөө жигшихийг түмэн олонд уриалж байсныг энэ өдрүүдийн жагсаал сануулж буй. Жагсагчид энэ төрөөс М.Энхболдыг л явуулчихвал бугшиж, дарагдсан олон хэрэг ил болж, ард түмнээрээ амар сайхандаа жаргах юм шиг аашилж байсныг мартаагүй ээ. Харин өнөөдөр, өмнөхөөс ч хүйтэн өвлөөр, төрд шургалсан хулгайч нарыг нэгбүрчлэн нэрлэхийг Л.Оюун-Эрдэнээс шаардан жагсаж байна.
М.Энхболдын оронд УИХ-ын даргаар Г.Занданшатарыг “тавьж”, эрх баригч намын даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаад ч өөрчлөгдөөгүй, магадгүй түүнийг огцруулж, өөр нэгнийг Ерөнхий сайдаар томилоод ч байдал сайжрахгүйг иргэд мэдэж, мэдэрчээ. Баялгийн тэгш бус хуваарилалт багасах нь битгий хэл, бүр гаарч, иргэдийн амьдрал сайжрах нь байтугай илүү дордсон учраас болох ёстой жагсаал болдгоороо болж, олон аймаг, гадаадын улс, орныг өргөн хүрээгээр хамран, давлагаалж байна. “Хүн бус, хууль засаглана” гэж яриад л буйгаас бус яг хийж, бүтээсэн зүйл үгүй, хулгай, луйврынх нь дүн тэрбумаар биш, их наядаар хэмжигдэж, “хэрэг”-ийн эзэд нь хээвнэг явж болоод байгаад бүгд бухимдаж, бүр “боож үхэх”-дээ тулах нь аргагүй. Дөрвөн жилийн өмнө хамт жагсаж явсан Ж.Батзандангаа “барьж, хорьсон” Х.Нямбаатар,
Л.Оюун-Эрдэнэ нар өдгөө өөрсдөө иргэдийн өмнө амаа асуулгаж буйгаас өөр өөрчлөлт үнэндээ алга. Хүнийг, даргыг солиод юу ч сайжрахгүйн тод жишээ нь энэ.
Монголын намууд, тэр дундаа эрх барьж ирсэн, нөлөө бүхий хүчнүүдэд гэмтнүүд үүрлэчихсэн гэлтэй. Намаас, улстөрчдөөс нь жийрхэж, халгах хүн ч дэндүү олон болчихож. Намын байраар ойр ойрхон орж гарч, дарга, даамалтай нь уулзаж, зураг хөргөө авхуулах нь хүртэл эр зориг, бас ашиг “дагуулсан” ажил байдаг бололтой юм. Саяхан гэхэд л жагсаал эхэлсний дараа өнгөрөгч Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулиар улстөрчдийн кампанит ажилд оролцсон, тэднийг дэмжсэн инфлүүнсерүүд “ухаарснаа” зарлаж, уучлал хүсэж эхэлсэн шүү дээ. Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-гээс энэ онд үндэсний хэмжээнд хийсэн олон нийтийн санал бодлын судалгаанд оролцогчдын 35 хувь нь улс төрийн намуудын талаар маш сөрөг бодолтой явдгаа илэрхийлсэн нь институцүүдээс хамгийн өндөр, бас таагүй үр дүн болж байна. Өмнөх жилүүдийн судалгаанд ч хамгийн нэр муутайгаар нь улс төрийн нам тодорч байв. Уг нь парламентын засаглалтай, ардчилсан орны хувьд улс төрийн нам нь гол “тоглогч” байх учиртай.
Ийм байхад сонгуулийн ямар ч гайхамшигтай тогтолцоо хэрэглээд ч гарах үр дүн, УИХ-ыг бүрдүүлэх хүмүүс нь гай чирэх нь олонтоо. Бохир газраас нэр дэвшиж, болохгүй, бүтэхгүй аргаар өрсөлдсөн хүмүүсээс цэвэр, тунгалаг зүйл хүлээх нь утгагүй хэрэг. “Сант марал” сангийн судалгаагаар аль нэг намыг онцолж үздэг гэж хариулсан хүмүүсийн тоо сүүлийн 10 жилд буурсаар буй. Тодруулбал, 2010 онд судалгаанд оролцогчдын 45 хувь нь аль нэг намыг илүүд үздэг гэж хариулсан бол энэ тоо 2020 онд ердөө 26 болж буурсан нь тэдний үйл ажиллагаа олон нийтэд нийцэхгүй байгааг харуулж байна. Мөн “Дэфакто” институтээс гаргадаг Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын 2020 оны индексээр тус судалгаанд хамрагдсан дөрвөн намын гурав нь буюу МАН, АН, МАХН “хагас ардчилсан” гэдэг ангилалд хамрагдаж байна (Уг судалгааг намын оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт гэсэн дөрвөн гол үзүүлэлтийн дагуу дүгнэдэг). Өөрөөр хэлбэл, намуудын авсан оноо тэгтлээ зөрүүтэй биш, дотоод ардчиллынх нь түвшин тун ойролцоо буюу хангалтгүй байгааг харуулав. Эл индексийг 2018 оноос гаргасан бөгөөд дээрх гурван намын оноо өмнөх жилүүдээс буурсан нь сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах намуудын үйл явц, өрсөлдөөн, гишүүдийн оролцоо, ил тод байдал зэрэгтэй шууд хамааралтайг онцолжээ.
Тодруулбал, намын дарга, эсвэл түүний дэмжлэгийг авсан баг нэр дэвшигчдийг тодруулах зэрэг шийдвэр гаргалтад гол үүрэг гүйцэтгэж байгаа нь дотоод ардчиллын хувьд хамгийн том “асуудал” болсон юм. Хэдийгээр намын орон нутаг дахь байгууллагын гишүүд сонгуульд нэр дэвшигчдээ санал болгох, дэвшүүлэх эрхтэй ч шийдвэр гаргах эрх мэдэл гагцхүү намын төв байранд, дарга, ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд бий. Жишээ нь, АН сонгуулиар нэр дэвшигчдээсээ дэнчин нэрээр мөнгө өгөхийг шаарддаг. 2020 оны сонгуулиар л гэхэд дэнчингийн хэмжээг 100 сая төгрөгт хүргэсэн билээ. МАН-ын тухайд ч үндсэндээ ижил. МАН-ынхан нэр дэвшигчдээ тодруулахдаа өөрсдийнхөө хийсэн, дотоод судалгаанд суурилж сонгосон гэдэг ч эргэлзээтэй нь илт. Учир нь энэ байтугай зүйл нь хаалттай байдаг намд эдгээр судалгааг хэрхэн хийсэн бэ гэдгийг асууж, тодруулаад гүйх зоригтон хэд байх нь ойлгомжтой. Даргынхаа харцаар дуугүйхэн хөдлөх нь олон биз. АН шиг ил цагаан мөнгө нэхэхгүй ч далдуур, магадгүй 100 саяас ч илүүг авдаг талаар нь улиг болтол ярьдаг. МАН-ын даргын өрөөний үүдэнд мөнгөө бариад хонон өнжин дугаарладаг хүмүүс мандатын тоо, 76 суудлаас нь хэдийн хэтэрдгийг ч хэлдэг. Ингэж мөнгийг өрсөлдөөний, сонгуулийн гол шалгуур болгож байгаа цагт нэр дэвшигчид нь сонгогдсоныхоо дараа хэрхэн аашлах нь тодорхой. Мөнгөө намд өгч, сонгуулийг нь санхүүжүүлээд сонгогдоогүй байлаа ч хоосон хоцорно гэж үгүй. Дарга нар нь ямар нэг байдлаар цадтал нь хариу барина. Тухайлбал, төрийн тендерийг хуу хамж өгөх, эсвэл эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүү, амраг садан, найз нөхөд гээд ойрын хүрээллийнхнийг нь ажил, албан тушаалтай болгоно. Ямартай ч намд, даргад нь мөнгө өгсөн л бол нэр дэвших, сонгогдох, эсэхээс үл хамааран заавал “шархаа нөхөж”, зардлаа барагдуулах гэж төсвөөс, төрөөс мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр хулгайлдаг. Жагсагчид хэргийн эзнийх нь нэрийг нэхээд байгаа энэ олон хулгай, луйвар бол дээрхийн бэлээхэн жишээ нь юм. Хулгайн хэмжээ нь томрохоос бус, буурахгүй, үргэлжлүүлэн завшина.
Сонирхолтой нь, “Дэфакто” институтийн индексээр эрх баригч МАН хамгийн бага буюу 53.9 (АН 57.6, МАХН 57.5) оноотой байгаа ч УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй. Өөрөөр хэлбэл, намын дотоод ардчилал нь сонгуулийн амжилттай шууд хамааралгүй байна. Энэ нь тэдний маш нарийн зохион байгуулалттай, нууц сүлжээ зэрэгтэй нь холбоотой байж мэднэ. Тухайлбал, сонгуулийн ухуулагч нар хэнд, хаана, ямар айлд зурагт хуудас, сурталчилгааны материал, цаашлаад саналыг нь худалдан авах мөнгө, эд зүйлс тараахаа сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, сонгогчдын талаарх суурь судалгаа, бүртгэл мэдээлэл намуудад маш сайн байна гэсэн үг. Магадгүй ийм бодитой, өргөн цар хүрээг хамарсан судалгаа улсын бүртгэлийн байгууллагад ч үгүй болов уу. Сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчдийн штабаас залгаж, иргэний регистрийн дугаар, уг гарваль, оршин суугаа хаяг, эрхэлдэг ажил, эхнэр, хүүхэд, гэр бүл гээд бүхий л мэдээллийг нь нэвт шувт мэдэж буйгаа “мэдэгддэг” явдал бишгүй.
Уг нь эрүүл, ардчилсан тогтолцоо бүрдүүлэх, олон ургалч, хүртээмжтэй байдал, төлөөллийг хангахад намын дотоод ардчилал нь чухал ач холбогдолтой гэдэг. Намын дотоод ардчиллын сайн туршлагатай намуудад олон нийтийн хүлээлгэх итгэл ч өндөр байдаг зүй тогтол бий. Иймд намуудаас болж бохирдож, муухай харагдаж, уруудаж байгаа улсаа бодож реформыг нь цаг алдалгүй эхлүүлье. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, 801 хүн гарын үсэг зурж үүсгэдэг байсан намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувь буюу 20 мянгаас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж байж байгуулахаар болж буй. Гэхдээ үүнийг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намын реформыг зайлшгүй эхлүүлнэ, бүх намыг татан буулгаж, шинээр бүртгэх нь зүйтэй гэх санал хэлж байгаа. Гэвч хуулийн эл хугацааг хүлээж, намуудыг энэ хэвээр нь байлгаад байвал улам л муудна, муухай харагдана.