Нүүрсний компаниуд дээр яагаад IPO гарах болсон талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Тэрбээр, "Монгол Улсын засгийн газрын зүгээс төрийн өмчийн мэдэлд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд олон нийтийг оролцоотой болгохыг зорин ажиллаж байна. Өнгөрсөн жил хагасын хугацаанд төрийн өмчлөлийн компаниудын засаглалыг сайжруулах, IPO гаргах бэлтгэлийг хангах зорилгоор аудит хийж санхүүгийн талын ажлыг эмхэлж, цэгцлэх ажил явагдаж байна.
Монгол улсын хөрөнгийн биржийн хувьчлалын ажлыг энэ сард багтаан хийнэ. Ингэснээр Монгол улсын хөрөнгийн бирж нь хувийн өмчлөл давамгайлсан хэлбэр лүү шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хувийн өмчлөл рүү шилжихээр бүх зүйл илт тод, нээлттэй байх боломж бүрдэнэ. Мөн уул уурхайн компани гэлтгүй төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгохыг цаашдаа зорин ажиллана" гэх мэдээллийг өглөө.