“Монгол Улсын сонгуулийн тогтолцоо ба менежмент” сэдэвт хурлыг өчигдөр Азийн сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ), Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран зохион байгуулав. Азийн сан болон БНОУХ-гээс манай дотоодын байгууллага болон судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран хэд хэдэн судалгаа хийжээ. Эдгээрийн заримынх нь талаар судлаач нар нь танилцуулсан юм. Тухайлбал, 2000 оноос хойших орон нутгийн сонгуулийн үр дүнд шинжилгээ хийсэн МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багийг төлөөлж дэд профессор Б.Эрдэнэдалай орон нутгийн сонгуулийн ирцэд шилжилт хөдөлгөөн хамгийн их нөлөөлдөг, мөн энэ шатны сонгуульд санал тоолох автомат төхөөрөмж хэрэглэснээр хүчингүй хуудасны тоо багассаныг хэлж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчийн нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцдог дүр зураг ажиглагдаж буйг тодотгов. Харин БНОУХ-гийн хөтөлбөрийн дэд захирал Б.Бөрт-Үжин тус байгууллагаас тогтмол хийж ирсэн олон нийтийн санал бодлын судалгааныхаа үр дүнгээс онцоллоо. Энэ оны гурав, дөрөвдүгээр сард үндэсний хэмжээнд буюу 2500 хүнийг хамруулсан дээрх судалгаанд оролцогчдын 58 хувь нь улс орноо буруу замаар явж байна гэж дүгнэжээ. Уг үзүүлэлт нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдсэн дүн аж. Зөв замаар явахгүй байна гэж үзэж буй шалтгаануудын эхэнд эдийн засгийн асуудлуудыг нэрлэсэн байна. Мөн оролцогчдын 67 хувь нь ардчилал бол засаглалын хамгийн сайн хэлбэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч одоогийн хувилбарыг илүү засаж, сайжруулах ёстой гэжээ. Ингэхдээ хамгийн түрүүнд авлигатай тэмцэх ёстой хэмээсэн байна. Үүний тулд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, ил тод болгох шаардлагатай гэсэн саналыг оролцогчдын бараг 70 хувь нь дэвшүүлсэн аж.
Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.1.6-д заасан, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиг үүргээ өргөн хүрээнд, тогтмол хэрэгжүүлэх зорилгоор Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийг 2021 онд байгуулсан. Уг төв нь сонгуулийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх олон төрлийн сургалт зохион байгуулах, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Үнэндээ эл төвийг байгуулах хүртэл буюу өнгөрсөн 30 жилийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд тогтвортой бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тус хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрнө лээ. Эл орон зайг мэдэрч, төрийн бус байгууллагууд санаачилгаараа сонгогчдын боловсролд анхаарч ирснийг “Сонгогчдын боловсрол” төвийн захирал С.Оюунтуяа дурдаад, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ намуудад төрөөс олгох санхүүжилтийн тодорхой хэсгийг энэ чиглэлд заавал зарцуулахаар тусгаж, үүрэг болгох ёстойг онцолсон юм. Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн зүгээс бодлогын судалгааг дэмжиж ажиллахаа Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ илэрхийлэв. Мөн сонгууль бүрийн өмнө суурь судалгаа хийхээр төлөвлөж буйгаа дуулгалаа.
Азийн сангийнхан Монгол Улсын сонгуулийн талаарх цогц дүн шинжилгээ хийсэн сүүлийн үеийн судалгаа шинжилгээ дутмаг төдийгүй эмх цэгцгүй, бүрэн бус, жигд биш, тоон баримт, дата мэдээлэл нь ихэнх тохиолдолд цаасаар буюу боловсруулахад хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Энэ нь манай сонгууль, улс төрийн академик хөгжлийн судалгаанд тушаа болж байгааг ч тэд сануулав. Иймд Сонгуулийн ерөнхий хороо нь 1992 оноос хойших сонгуулийн бүх мэдээллийг агуулсан үндсэн платформ болох сонгуулийн мэдээллийн менежментийн системийг хөгжүүлж, энэ онд багтаан нийтэд нээлттэй болгохоор ажиллаж буй юм байна. Харин сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, ил тод байдлыг хангадаг, эсэх талаар МИДАС төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Энхжаргал нэлээд шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал, сонгуулийн насны хэдэн хүн байгаагаас хэд нь эрх зүйн чадамжгүй вэ гэдэг мэдээлэл хаалттай, тэр дундаа ямар шалтгаанаар “түр хасав” тэмдэглэгээ тавьж, сэргээдэг нь тодорхойгүй, ер нь үүнийг хэн, хаанаас хянадаг вэ гэдэг нь ойлгомжгүй байдгийг тэрбээр онцлов. Төрийн мэдээллийн систем хоорондын уялдаа муу болохыг ч дурдлаа. Цаашлаад уул уурхайн салбарт ажилладаг 50 мянган сонгогч, орон нутагт бүртгэлтэй хэрнээ олон арван жилээр Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн асуудлыг ч өнөө хэр цэгцлээгүйд туйлын сэтгэл дундуур буйгаа тэрбээр илэрхийлсэн юм. Түүнчлэн гадаад оронд байгаа 122 мянган иргэнээс өнгөрөгч сонгуулиар 7394 нь буюу 6.6 хувь нь саналаа өгнө гэж бүртгүүлсэн ч 5618 буюу 4.4 хувь нь л сонгуульдаа оролцсон нь чамлалттай дүн болохыг ч хэлж байлаа. Гадаадын 30 улсын 45 газарт байгаа дипломат төлөөлөгчийн газартаа очиж саналаа өгөх нь тэдний хувьд хүндрэлтэй байдгийг ч бодолцож, сонгуульдаа цахимаар оролцох боломжийн талаар судалж үзэх цаг нэгэнт болсныг сануулав. Тус байгууллагынхан сонгогчийн нэрийн жагсаалтад тасралтгүй хяналт тавьж ирсний хувьд иргэний регистрийн дугаар давхцах тохиолдол байдаггүйг баталсан юм. Гэхдээ нэг хүн хоёр регистрийн дугаартай байсан явдал мэр сэр гарсныг хэлж, тагнуулынхан шалгаж буй гэдэгт найдаж байгаагаа ярив.
Энэ үеэр “Сонгогчдын боловсрол” төвийн захирал С.Оюунтуяа сонгуультай холбоотой зөрчил, гомдлын 70-80 хувь нь сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой байдгийг дурдаад, “Сонгуулийн тогтолцоог яаж ч өөрчилсөн бүх нийтийн байх буюу бүх сонгогч саналаа хаана буйгаас үл хамааран өгч чадах зарчмыг нь огтхон ч алдагдуулж болохгүй” хэмээн анхааруулсан юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулийг найман удаа явуулах бүртээ хуулийг нь, тэр дундаа сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалтыг өөрчилжээ.