Борог амьдралд өссөн ч багаасаа урлагт дурлаж, 1950 онд аймгийнхаа клубээс уран бүтээлийн гараагаа эхлэн, 1953-1960 онд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт, 1960-1991 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажилласан Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэнг “Дурсахуй”-д нэхэн санах гэж байна. Тайзны 100 гаруй, дэлгэцийн 20 шахам бүтээлд дүрээ мөнхөлсөн түүнийг үзэгчид “Гарьд магнай” киноны Богд хааны хатан, улсын эх дагина Дондогдуламын дүрээр нь андахгүй.
МАЛЧИН ААВ, ЭЭЖИЙН ГАНЦ ОХИН
Нэрт жүжигчин Тогтохын Чойжилсүрэн 1931 онд Завхан аймгийн Идэр сумд Оноон гэдэг газар мэндэлжээ. Түүнийг төрөхөөс өмнө тэднийх сумдаа нэлээд чинээлэг айлуудын тоонд ордог байсан ч цагаантнууд ирээд хотыг нь харлуулж, хамаг хонийг нь туугаад явчихаж. Ингээд аав, ижий нь саалийн үнээ, уналгын ганц мориноос өөр юу ч үгүй үлдсэн үедээ бүл нэмсэн нь Т.Чойжилсүрэн охин байв. Тэрбээр малчин аав, ижийнхээ уг нь гурав дахь охин. Том нь эндэж, дундахаа хүнд өргүүлэн, түүнийг авч үлджээ. Анх төрөхөд нь Хандсүрэн гэж нэр хайрласан ч муу зүйлээс хамгаалах гэсэндээ эрэгтэй хүний нэр өгсөн гэдэг. “Ганц охин болохоор ёстой л эрхэлж өссөн. Ямар сайндаа сургуульд ороод гэрээ санаад уйлаад болдоггүй, бүр оргох гэж хүртэл үзсэн. Сургуулийн захирал аргаа бараад аавд хэл дуулган, аав надад хань болж сургуульд галч хийдэг болж байв. Тийм л танхил охин байлаа” хэмээн Т.Чойжилсүрэн гуай дурсаж байлаа. Тэрбээр 1938 онд Идэр сумын бага сургууль, 1946 онд Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль төгсжээ.
ГАЛЧ, БИЧЭЭЧ, УРАН САЙХАН Ч
Т.Чойжилсүрэнг долдугаар анги төгссөн жил аав нь өөд болж, ижийтэйгээ үлджээ. Амьдрахын эрхээр ажил хийх болов. Хамгийн түрүүнд олдсон ажил нь Аймгийн эвлэлийн хороонд галч. “Том хар пийшингүүдийг нь галлах гээд чаддаггүй. Нойтон модыг нь ч даахгүй. Удалгүй Эвлэлийн хорооны дарга “Энэ ямар гээч хүүхэд аваад ирсэн юм бэ. Биднийг хөлдөөж алах нь. Болиул” гэснээр халагдчихав. Сар гаруйн дараа Эвлэлийн хорооноос дуудахаар нь яваад очтол “Бичээч хий” гэнэ. Бичгийн машиныг нь будаа тоншиж байгаа шувуу шиг хоёр хуруугаараа тоншсоор овоо сурлаа. Сүүлдээ ч гаршчихсан. Гэхдээ тэнд нэг их удаагүй. Багаасаа урлагт дуртай, дуу хуурт авьяастай болохоор зав гармагц л аймгийн клуб рүү гүйчихдэг байв. Тэндхийн сайн дурын уран сайханч нэрээр хөгжимчин, дуучин гээд хийхгүй юмгүй л навсганаад яваад байлаа. Нэг хэсэг цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ч ажиллаж үзлээ. Тэгж байтал аймгийн клуб, хятад ажилчдын клуб нэгдэн, аймгийн Соёлын ордон байгуулагдав. Орон тооны жүжигчин шалгаруулж авахад нь миний нэр багтсанаар уран бүтээлийн гараа минь эхэлсэн дээ” хэмээн дурссан нь бий. Ийн 1950 оноос түүний уран бүтээлчийн замнал эхэлсэн юм.
ХОВДОД ӨНГӨРҮҮЛСЭН ЖИЛҮҮД
Аймгийнхаа Соёлын ордонд ажиллаж байхдаа Т.Чойжилсүрэн ханьтай болжээ. Тэр нь эмч хүн байлаа. 1952 онд нөхөр нь Ховдод ажиллах томилолт авч тийш нүүснээр нутгаасаа гарсан аж. Ингээд тэрбээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт ажиллажээ. Тэнд долоон жил ажиллах, амьдрах хугацаандаа гурван хүүхэдтэй болж бүл нэмэхийн зэрэгцээ уран бүтээлдээ ч шамдаж, 60 гаруй жүжгийн гол дүрийг бүтээжээ. Тухайлбал, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжгийн Нансалмаа, Л.Ванганы “Эмч нар”-ын Бүрнээ эмч, “Урагшлах замд”-ын Тогтохмаа, “Тожоо жолооч”-ийн Бадам, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Алимаа, Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын “Цогийн идэр нас”-ын Нямаа, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”-ийн Мария Антоновна зэргийг дурдалгүй өнгөрч боломгүй. 1960 онд нөхөр нь Анагаахын дээд сургуульд томилогдоход тэрбээр Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллах Соёлын яамны бичигтэй ирж байв.
ТЕАТРЫН “АЛТАН ГУРГАЛДАЙ”
Түүнийг Ховдын театрт хүлээлгэн өгч, хоолтой нь залгуулсан хүн бол Төрийн шагналт, нэрт найруулагч Л.Ванган. Харин Улсын хүүхэд, залуучуудын театрт ирэхэд нь тосож авсан багш нь “Өгөр толгой” Гүрсэд гэгддэг Н.Дугарсанжаа гуай. Тэрбээр Ц.Цэгмид, Н.Цэгмид, Д.Дамдинсүрэн, Д.Ичинхорлоо, Т.Хандсүрэн, Д.Цэрэндулам, С.Гэндэн, А.Очирбат, Б.Энхтуяа нарын алтан үеийн мундаг уран бүтээлчтэй хамт ажиллаж байв. Тэрбээр эл театрт А.Очирбат, Д.Хишигт нарын “Хүү” жүжгээр гараагаа эхэлжээ. Цаашлаад З.Гүнсэн, О.Бямбажав нарын “Хүний бодол өөр болжээ” жүжигт нэрт жүжигчин Д.Сэдэд гуайтай хамтарч, улмаар Д.Намдагийн “Шинэ зам”-ын Дарьлхам, Б.Явуухулан, Н.Дугарсанжаа нарын “Ялалтын жигүүр”-ын Шоовдор, Л.Ванганы “Хувиа бодогчид”-ын Сономханд, “Жирийн хүмүүс”-ийн эгч, Д.Батбаярын “Гэгээ”-гийн Дэнсмаа, “Хайрыг хайрла”-ын эмээ, В.Пановагийн “Гэнэн залуу нас”-ын Зинад тоглосон. Мөн Ч.Нацагдоржийн “Миний чин зоригт бяцхан найз”-ын тагнуулч туулай, Б.Гүрцэрэнгийн “Шунал” жүжгийн янзага, А.Линдгрений “Карлсон жаалхүү хоёр”-ын Фрекен Бок, С.Маршакын “12 сар”-ын дагуул охин, С.Михалковын “Бардам туулай”-н туулай, У.Шекспирийн “Ромео, Жульетта хоёр”-ын хатагтай Капулетти, М.Шатровын “Хувьсгалын нэрээр”-ийн Лениний нарийн бичиг зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн жүжгийн 60 гаруй жүжгийн гол болон туслах дүрд чадварлаг тогложээ. Тэр үеийнхээ талаар “Баавгай дуулах уу” жүжигт “Алтан гургалдайн дуу”-г дуулсан. Тэр үед барагтай жүжгийн дууг драмын жүжигчдээр дуулуулдаггүй байв. Гэтэл Г.Дарамзагд багш заавал надаар дуулуулна гэснээр би дуулсан. Тэр дуугаараа театртаа алдаршиж, нэг хэсэгтээ “Алтан гургалдай” гэж дуудуулж явлаа” хэмээн дурсамж сөхөж байв. Эл театртаа тэрбээр 31 жил тасралтгүй ажилласан юм.
ДЭЛГЭЦЭД МӨНХӨРСӨН ДҮРҮҮД
Тэрбээр тайзны дүрийн шилдэг мастер байсны зэрэгцээ Монголын кино урлагт ч дүрээ мөнхөлсөн. Түүний тоглосон дэлгэцийн эхний уран бүтээл нь Х.Дамдин найруулагчийн “Улаан дарцаг”. Удаах нь “Үүрийн цолмон”. Тэрбээр үргэлжлүүлэн Д.Жигжидийн “Хойт эх” киноны хадам ээж, Б.Сумхүүгийн “Говь хянганд тулалдсан нь” киноны Цэвэлмаа, Г.Жигжидсүрэнгийн “Зарлаагүй дайны оршил”-ын Балжир, Л.Нацагнямын “Бор чоно”-ын Паажий эмгэн, Ш.Цэцэгийн “Еэ еэ шар Буд”-ын Будын эмээ, Д.Золбаярын “Ээждээ л үнсүүлэхсэн” киноны Ерөөлийн ээж, Чингисийн хүүхдүүд”-ын Ханд, Ц.Хүсэлбаатарын “Зугтаарай” киноны эмгэн, Б.Дамдинсүрэн, Ч.Билгүүн нарын “Мөрдөгч” олон ангит киноны Сүрэн эмээ, Д.Цогтын “Ус дээшээ урсдаг” олон ангит киноны Цэнд эмээ зэрэг дэлгэцийн 20 гаруй бүтээлийн гол болон туслах дүрээр үзэгчидтэй “уулзаж” байлаа. Тэдгээрээс үзэгчдийн сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Ж.Бунтар найруулагчийн “Гарьд магнай” киноны Богдын хатан Дондогдуламын дүр гэхэд хилсдэхгүй. “Дэлгэцэд хэдхэн хором үзэгдээд өнгөрдөг дүр ч гэлээ үзэгчдийн сэтгэлд хүрсэнд их баярладаг. Ж.Бунтар найруулагч Д.Байдий агааг Богд хаанд, намайг Дондогдуламд тоглуулахаар шууд л сонгосон юм билээ. Дүрийн сонгон шалгаруулалт явуулаагүй. Д.Байдий гуай бид хоёр өмнө нь “Үүрийн цолмон” кинонд Доной баян, түүний авгайд мөн хамт тоглосон. “Гарьд магнай”-г гарснаас хойш намайг хаа ч явсан “Богдын хатан, эх дагина” гэх болсон. Би хорь шахам кинонд тоглосон ч энэ дүрдээ их хайртай” хэмээн тэрбээр өөрөө эл дүрээ онцолдог байв.
АМЬДРАЛЫН ХАНЬ
Долдугаар ангидаа аавыгаа алдаж, дараа нь хорвоогийн жамаар ээж нь ч бурхны оронд одон, амьдралын мөнх бустай тэрбээр эрт нүүр тулжээ. Идэр насанд нь анхны нөхөр нь орхин явахад тэрбээр гурван хүүхдээ хөтлөөд хоцорсон байна. Харин түүний дараа амьдрал түүнд насных нь ханийг заяажээ. Түүний хань, бага охиных нь аав Я.Шийтэр УДЭТ-т зураачаар олон жил ажилласан эрхэм уран бүтээлч байлаа. Түүний дөрвөн хүүхэд бүгд сайхан ажил, мэргэжилтэй болж, Т.Чойжилсүрэн гуай 40 шахам ач, зээ, гуч, гучинцрынхаа зулайг үнэрлээд тэнгэрт мордсон юм.
Нэрт жүжигчин Т.Чойжилсүрэн нь тайз, дэлгэцийн олон арван шилдэг дүр бүтээсний учир Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль болон Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж, 2014 онд Гавьяат жүжигчин цол хүртсэн юм. Түүний Монголын тайз, дэлгэцийн урлагийн урлагт зориулсан авьяас билиг, арвин туршлага, нөр их хөдөлмөр, намбалаг төрх үргэлж дурсагдах нь дамжиггүй.
Бэлтгэсэн А.Тайшир