“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ” тайланг Дэлхийн банкнаас өчигдөр танилцууллаа. Манай улс эмэгтэйчүүд, залуучууд, хотын оршин суугчдын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн сацуу өнгөрсөн 10 жилд бий болгосноос илүү олон, чанартай ажлын байрууд бий болгох шаардлагатайг уг тайланд дурдав. Монголын эдийн засгийн өсөлт 2000-2019 онд дунджаар 5.4 хувьтай байж, ажлын байр, бодит цалингийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Цар тахлын үед арга хэмжээнүүд хэрэгжүүлснээр эдийн засгийн огцом уналтаас сэргийлсэн ч 2021 онд хөдөлмөр эрхлэлт тав орчим хувиар буурсныг мөн тэмдэглэв.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Хөдөлмөрийн зах зээл нь өсөн нэмэгдэж буй ажиллах хүчнийг хангалттай тооны чанартай ажлын байраар хангах, ажилгүйдлийг бууруулахуйц биш байгаа нь Монгол Улсад тулгарч буй гол бэрхшээл юм. Залуу, боловсрол өндөртэй болж буй ажиллах хүчин тасралтгүй нэмэгдэж байгаач тэдний хүсэл эрмэлзэлд нийцэх ажлын байрыг олноор бий болгох нь чухал. Үүний тулд хувийн хэвшил чанартай ажлын байр бий болгохыг дэмжсэн бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлэх нь зүйтэй” хэмээн онцолжээ. Тус тайланд тэмдэглэснээр өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн насны (15-аас дээш насны) хүн амын 60 хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож, ердөө тал орчим хувь нь ажил эрхэлж байжээ. Ажиллах хүчний оролцоо эмэгтэйчүүд, хотын оршин суугчид, дунд боловсролтой иргэдийн хувьд доогуур байгаа аж. Мөн дээд боловсролтой залуусын хувьд ч ажилгүйдлийн түвшин өндөр байгааг дурдлаа. Нөгөөтээгүүр, стратегийн тэргүүлэх салбаруудад хангалттай тооны чадварлаг ажиллах хүчин бэлтгэхгүй байгаа тул мэргэжилтний хомсдол бий болж буй нь өөр нэг сорилт гэв. Бас сургууль төгсөгчдийн багагүй хэсэг нь хөдөлмөрийн зах зээлд, тэр дундаа өндөр ур чадвар шаардсан ажлын байрны шаардлагыг хангах хэмжээнд бэлтгэгдэхгүй байгааг анхаарууллаа.
Хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд Засгийн газар багаараа ажиллах, тэр дундаа хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих бодлого хариуцдаг яамдын оролцоо чухал гэв. Дээрх тайланд хувийн хэвшлийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох, ур чадварын тогтолцоог сайжруулах замаар ажиллах хүчнийг чадваржуулах, нийгмийн халамжид хамрагдагсдыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг зөвлөмж багтжээ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цогц систем хөгжүүлэх, уг зах зээлийг идэвхжүүлэх хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх хэрэгтэйг зөвлөв.