Хонконгийн бизнесмэн Жимми Лайг луйврын хэрэгт буруутгаж, таван жил есөн сар хорих ял оноосон тухай “France presse” агентлаг мэдээллээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар тэрбээр хэвлэл мэдээллийн “Next digital” компанийн байранд байрладаг зөвлөх фирмээ санаатайгаар нуусан аж. Хонконгийн тойргийн шүүхээс Жимми Лайд гурван сарын дотор хоёр сая хонконг доллар буюу 256 мянган ам.долларын торгууль төлөхийг үүрэг болгожээ. Тэрчлэн түүнийг найман жил удирдах албан тушаал хашихыг хязгаарласан байна. Үүнээс өмнө Хятадын засаг захиргааны тусгай тус бүс нутагт 2019 онд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хэргээр түүнд 20 сар хорих ял оноосон билээ.
“Next digital”-ын байранд “Dico consultants” зөвлөх фирм үйл ажиллагаа явуулсан нь түрээсийн гэрээ зөрчсөн хэрэг аж. Тус фирм үйл ажиллагаагаа нууцаар явуулсан нь санаатай залилсан хэрэг гэж шүүгчид үзжээ.
Жимми Лай 75 настай. Түүнийг бусад улстай хуйвалдаж, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн, залилсан хэргээр 2020 оны наймдугаар сард баривчлан, гурав дахь жилдээ хорьж буй. Гадаад улстай хуйвалдсан хэргийнх нь шүүх хурлыг энэ сарын эхээр Дээд шүүхэд хэлэлцэхээр товлосон байв. Гэвч өмгөөлөгч нь тус улсад ажиллах визээ сунгахаас татгалзсан тул уг хурал хойшлогджээ.
Сэжигтнийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх хуулийг эсэргүүцсэн, олныг хамарсан жагсаал Хонконгод 2019 онд хэдэн сарын турш үргэлжилсэн юм. Тус бүс нутагт болсон эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжсэн Жимми Лай урьд нь Хятадын Коммунист намыг шүүмжилдэг байсны сацуу ардчилсан санаачилгуудыг санхүүжүүлдэг байсан аж.