Нүүрсний хулгайг эсэргүүцэж, хийсэн хүмүүсийг нь нэрлэхийг шаардсан жагсаал найм дахь өдрөө үргэлжиллээ. Жагсаалтай холбоотойгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад аван, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо. Энэ хугацаанд компанийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилов.
Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтээ Засгийн газарт өгснийг ёсоор болгожээ. Б.Асралтын оронд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах
- Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
- Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл
- Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгойн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам, хоолойн төслийн ажил
- “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил
- Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслийн ажил
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болголоо. Засгийн газар цаашид бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг болиулах гэнэ.
Түүнчлэн Тавантолгойн бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлагын талаар иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангаж байхыг Засгийн газраас үүрэг болгов. Үүнээс гадна “Ковид-19”-ийн цар тахлын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт даалгалаа.
Энэ өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзахдаа нүүрс хулгайлсан хүмүүсийн нэрийг зарлах талаар улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргах гэж буйгаа уламжилсан юм. Тэрбээр Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар мэдээлэл хийсэн бөгөөд нүүрсний тээврийн хэрэгтэй холбогдуулж 41 албан тушаалтныг мөрдөн шалгасан хэрэгт хэн, хэн холбогдсоныг тодруулсан сэтгүүлчийн асуултанд “Нийт 30 гаруй хүнд холбогдох хэрэг нь бүгдээрээ Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудынх. Улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон” гээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаа онцлов.
ЦАГДАА НАРЫГ ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭМЭЭН САЙШААЖЭЭ
Харин энэ сарын 4-нөөс эхэлсэн жагсаалыг Хүний эрхийн үндэсний комисс ажиглаж, дүн шинжилгээ хийж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Жагсаал, цуглааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, нийгмийн хэв журам зөрчиж, жагсагчдын болон иргэний нийгмийн ажилчдын биед халдах явдал гарч байгаа тул бусдын эрх чөлөөнд халдахгүй байхыг тус байгууллагаас уриалж байна. Жагсаалын үеэр нийгмийн дэг журам зөрчсөн гэх 15 иргэнийг хууль сахиулах байгууллагаас саатуулсан бөгөөд комиссын гишүүд болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нь тэдэнтэй уулзаж, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран хууль зүйн туслалцаа үзүүлж буй юм байна. Тухайлбал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхасуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандааП.Оростогоотой уулзаж, жагсаал, цуглааны үеэр иргэд, алба хаагчдын эрхийг хангаж ажиллах талаар зөвлөлджээ. Жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааг тус комиссын зүгээс сайшаав. Цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнд нэн хүндэтгэлтэй хандаж, хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах, эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хандахгүй байхад анхаарч ажиллахыг уулзалтын үеэр сануулсан байна. Жагсаал олон хоног үргэлжилбэл алба хаагчдын үүрэг гүйцэтгэх ээлжийг оновчтой зохион байгуулж, ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж оролцдог мөрдөгчдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, бололцоог хангахад анхаарахыг хүссэн байна. Түүнчлэн цаг агаарын болон бусад нөхцөл байдалтай уялдуулж дулаан хувцас, бусад шаардлагатай зүйлээр даруй хангах, ажил, амралтын цагийг нь зөв зохицуулж, алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллахыг зөвлөлөө.
ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛЛАА
Мөн Хүний эрхийн үндэсний комиссынхон өлсгөлөн зарлаад байсан иргэний биеийн байдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвтэй холбогдон асууж, тодруулжээ. Шинжилгээний хариу нь өлсгөлөн зарлахад харшлахаар гарсан тул өлсгөлөнгөө зогсоох зөвлөгөө өгснийг тухайн иргэн хүлээн авсан байна.
Үүнээс гадна өнгөрсөн баасан гарагт МҮОНРТ-ээр “Нүүрсний хулгайн эргэн тойронд” сэдвээр хэлэлцүүлэг нэвтрүүлэг шууд явуулсан. Үүнд жагсагчдын төлөөлөл болох 10 хүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Доржханд, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нар оролцсонюм.