ШУТИС-ийн Оюутны холбооныхон энэ сарын 4 буюу жагсаал эхэлсэн өдөр “Нийт оюутан залуус та бүхэн жагсаал цуглаанд оролцож, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхдээ цаг агаарын байдалтай уялдуулан дулаан хувцаслах мөн бусад болзошгүй аюулаас сэргийлэн өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарал хандуулна уу!” хэмээн мэдээлэл оруулж, оюутнуудаа жагсаалд оролцохыг уриалан дуудаж байсан. Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлэл хийсний дараа ШУТИС-ийн ГУУС-иас оюутнуудынхаа үгээ хэлэх эрхийг хязгаарлаж “Нүүрсчдийн эрх ашгаа хамгаалах зорилгод ШУТИС-ийн оюутнууд хамааралгүй” хэмээх пост оруулж, хэсэг хугацааны дараа устгажээ. Харин дотоод сүлжээндээ нээсэн групп чатаараа оюутнуудад дарамт учруулсан талаар манай сайтад гомдол ирэв. Өөрөөр хэлбэл, тус чат группт оюутнуудад хандаж, талбайд дээр очсон хүнд хатуу арга хэмжээ авна, сургуулиас хөөх хүртэл хариуцлага тооцно” зэргээр бичсэн байна.
Гэхдээ ШУТИС-ийн салбар сургуулиуд өөр үзэл баримтлалтай байна. Тухайлбал, ШУТИС-ийн ГХС-ийн Оюутны зөвлөлөөс “Оюутны Зөвлөл нь нийт оюутны эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болох зорилготой билээ. Иймд салбар сургуулийнхаа оюутнуудыг үндсэн хуулийн 16/16-д заасан эрхээ эдлэхэд нь ямар нэгэн саад бэрхшээл учруулахгүй. Бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн шударга бус зүйлийн өмнө дуу хоолойгоо нэгтгэх бүрэн эрхтэй” хэмээн дээрхээс эсрэг утгатай мэдэгдэл гаргасан байна.