Хаитигийн нийслэл Порт-о-Пренсийн 60 орчим хувь болон ойр орчмын бүс нутаг зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад оржээ. Сүүлийн саруудад зэвсэгт бүлэглэлүүдийн хүчирхийллийн улмаас олон зуун иргэн нь амь үрэгдэж, оршин суугчид нь хэдэн мянгаараа дүрвэхээс өөр аргагүйд хүрснийг хүний эрхийн төлөө тэмцэгчид ВВС-д уламжлав. Порт-о-Пренс орох, гарах замууд ч гэмт этгээдүүдийн хяналтад орсон тухай тусламжийн байгууллагууд мэдээллээ. Парламентын ордон орчмын бүсүүд мөн гэмт бүлэглэлийнхний хяналтад орсон тул Хаитигийн Ерөнхий сайд Ариэль Хенри олон улсын тусламж хүссэн байна. НҮБ-ын мэдээлснээр энэ оны эхний зургаан сард тус улсын 1000 гаруй иргэн гэмт бүлэглэлийнхний золиос болсон аж. Үнэн хэрэгтээ Хаитид төрийн эрх барих байгууллагууд ажиллахгүй байна. Амь үрэгдсэн Төрийн тэргүүний халааг авах хүнийг сонгоогүй учир тус улс Ерөнхийлөгчгүй, эргэн тойрны газар нь гэмт бүлэглэлийнхний хяналтад орсноос парламентын үйл ажиллагаа нь зогссон, АНУ-ын дэмждэг Ерөнхий сайд Ариэль Хенри албан ёсоор сонгогдоогүй учраас нэр хүндгүй гэнэ.
Тус улсын хүн амын бараг тал хувь буюу 4.7 сая нь өлөн зэлмүүн аж төрж байна. НҮБ-ын мэдээлснээр нийслэлд нь 20 мянга орчим хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Америк тивд ийм тохиолдол анх удаа гарч буй. Тус аралд мөн булчин задрах тахал дахин дэгдсэн аж. Үүний сацуу хүн хулгайлах хэрэг энэ улсад газар авч, энэ оны эхний 10 сард ийм 1107 хэрэг бүртгэгдсэн байна. Зарим бүлэглэлийн хувьд энэ нь орлогын гол эх үүсвэр болдог гэнэ. Барьцаанд нь 200- гаас нэг сая ам.доллар нэхдэг, үүнийг өгвөл тухайн хүн золиос эсэн мэнд харьдаг байна. “Эрчүүдийг зодож, эмэгтэйчүүд, охидыг бүлэглэн хүчирхийлэх замаар гэр бүлийнхнийг нь хурдан мөнгө олоход хүргэдэг” гэж Хаитигийн Хүний эрхийн шинжилгээ, судалгааны төвийн ажилтан Гедеон Жин хэлэв.