Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Валютын нөөцийг нэмэгдүүлэх тухай анх ярихад Монгол Улс 2.5 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол Монголбанкны 11 дүгээр сарын сүүлийн мэдээгээр 2.9 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь 4 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний дүн.
Төрийн өмчит компани, аж ахуйн нэгжид валютын нөөцийг 1,1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу 500 орчим сая ам.долларын орлого нэмэн төвлөрүүлээд байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр 100 сая, Монросцветмэт, Хар төмөрлөгийн үйлдвэр 15 сая ам.долларыг төвлөрүүлжээ. Одоогоор гаднаас зээл тусламжаар авсан валют бол байхгүй. Зээлийн яригдаж байгаа хэлэлцээрүүд бий. 2022 оны Монгол Улсын ДНБ дөрвөн хувийн өсөлттэй гарчих болов уу гэсэн хүлээлттэй байна” гэсэн мэдээлэл өглөө.