Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд эл зах зээлийн татварын орчин, шимтгэл, хураамж, мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад татварын таатай орчин бүрдүүлэх, уян хатан бодлогоор Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг урамшуулалтайгаар биржид нээлттэй хувьцаат компани болгон бүртгүүлэх боломжийг нээх зорилгоор “Хөрөнгийн зах зээлд гарч буй бодлого, зохицуулалтын үр нөлөө болон татварын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж бодит эдийн засагт үзүүлэх нөлөө сайжирсан. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн санхүү, эдийн засагт үзүүлэх нөлөөг Азийн бусад орныхтой харьцуулахад бага байгаа нь олон шалтгаантай. Үүнийг шийдвэрлэх нэг арга зам нь татварын уян хатан бодлого юм” хэмээв. Дээрх хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Татварын ерөнхий газар хамтран зохион байгуулсан эл хэлэлцүүлгийн үеэр хөрөнгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүдийг хадгалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэднийг татах, уг зах зээлийн санхүүгийн салбарт эзлэх байр суурь, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бэхжүүлэхэд татварын эрх зүйн орчинд гарч буй өөрчлөлт, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээг бууруулж байгаа зэрэг нь ихээхэн ач холбогдолтойг оролцогчид хэлж байлаа.
Бэлтгэсэн Б.Сонор