Шөнө дүл болтол үргэлжилсэн жагсаалын маргааш өглөөг “Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргажээ” гэх мэдээллээр угтав. Өмнөх өдөр нь болсон жагсаал үймээн, самуунд ч хүрч магадгүй байсан тул МАН-ынхан өчигдөр товлосон бага хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан ч Удирдах зөвлөл нь хуралдаж, Төрийн тэргүүний дээрх саналыг хэлэлцсэн гэх мэдээлэл анхаарлыг тэс өөр чигт хандуулсан гэхэд болно. Гэхдээ үүнийг эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгүйсгэж, тогтолцооны өөрчлөлт хийх эрхийг намынхнаасаа авснаа мэдэгдсэн юм. Үнэндээ тогтолцооны өөрчлөлт хийх эрхийг өнөөгийн эрх баригчид 2016 оны сонгуулиас хойш үнэмлэхүй олонхыг бүрдүүлэх болсон цагаасаа эзэмшиж байгаа гэхэд болно.
Ардын нам гэлтгүй аль нэгэн улс төрийн хүчин үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах өндөр босгыг давах боломжтой. Тиймдээ ч 2019 онд Үндсэн хуульд багагүй өөрчлөлт оруулж, өдгөө дахин гар хүрэх тухайгаа ярьсаар байгаа нь энэ.
Улмаар хүссэн шинэчлэлээ хийж чадвал УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг хүлээлгүй, өмнө нь буюу 2023 онд парламентыг шинээр байгуулж ч болохыг эрх баригч намын дарга дурдах нь тэр. Тэрбээр “Энэ шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн тохиолдолд сонгох эрхийг нь ард түмэндээ дахин өгөх нь зүйтэй. Хэрэв өчигдрийн (уржигдрын) үйл явдал Японд болсон бол Ерөнхий сайд нь парламентаа тараагаад, дахин сонгууль явуулчихсан байгаа. Энэ нь Ерөнхий сайд ард түмнээсээ асуух эрхтэй байх тухай асуудал юм. Манай Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, хулгай, луйврыг цэгцлэх ажлыг урагшлуулъя гэж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг гэсэн үг. Дэмжихгүй бол өөр сонголт хий. Энэ тохиолдолд замбараагүй байдал үүсэхгүй, хугацаа алдахгүй явах боломж сонгодог парламентын тогтолцоотой орнуудад байдаг. Харамсалтай нь, манай Үндсэн хуульд ийм боломж байхгүй. Тиймээс Үндсэн хуультай холбоотой шинэчлэл хийгээд, би ч бас ард түмнээсээс тэгж асуухыг хүсэж байна. Өрнүүлсэн тэмцэл, дэвшүүлсэн бодлого маань үргэлжлээсэй гэж хүсэж байгаа бол ард түмэн сонголтоо хийж, легитимт эрх өгөөч. Хэрэв үгүй гэвэл ард түмэн дүнгээ тавиач. Цаашдаа ингэж л явна. Үүнийг л сонгодог парламент гэдэг. Энэ бол хүчтэй Ерөнхий сайдын засаглал. Тулгарсан асуудлаа шийдэж чаддаг Засгийн газартай байхыг парламентын засаглал гэдэг” хэмээлээ. Гэвч УИХ-ыг тараах, эсвэл сонгуулийг наашлуулах гэх мэт яриа гаргаж байгаа нь эрх баригчид нүүрсний хулгайг нуун дарагдуулах гэсэн арга, жагсагчдын анхаарлыг өөр тийш хандуулах заль хэмээн хардаж буйгаа сөрөг хүчин АН-ынхан илэрхийлэв.
Юутай ч Засгийн газрын тэргүүний хувьд жагсагчдын зүгээс тавьж буй шаардлагуудтай холбоотойгоор ийн байр сууриа хуваалцахдаа тэрбээр нүүрсний хулгай буюу Тавантолгойг тоносон хэргийн холбогдогчдыг илрүүлэн, нэрийг нь зарлаж, ард нь гарч чадахаа амлаж, тэмцлээсээ ухрахгүй гэдгээ онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч нийгмийн сүлжээн дэх албан ёсны хаягаараа дамжуулан “Нүүрсний хэргийн талаар УИХ нээлттэй сонсгол хийж, ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ээлжит бусаар хуралдаж, нүүрсний хулгай хийсэн хүмүүст хариуцлага тооцох ажлыг түргэвчилж, үүний тулд авлига, албан тушаалын хэргийг яаралтай шийдвэрлэдэг болох өөрчлөлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах төслийг яаралтай өргөн барихыг Засгийн газарт даалгалаа.
Өнөөгийн эрх баригчдын өнгөн дээрх “тогтолцооны өөрчлөлт” гэдэг нь шинэ сэдэв биш, сонгууль болон Үндсэн хуультай холбоотой зүйл болохыг улс төр сонирхдог хүмүүс андахгүй. Гагцхүү эдгээр өөрчлөлтийг цаг алдалгүй, яаралтай хийх улс төрийн шийдвэрт хүрч, үүнийг манлайлан, санаачилгыг гартаа авах эрхийг МАН-ынхан даргадаа олгосон аж. Ингэхдээ сонгуулийн одоогийн тогтолцоо болох мажоритар хувилбарыг холимог болгох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэхийг л үндсэндээ шийдвэрлэхээр болж байх шиг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээллийнхээ үеэр “Хүн ам өсөж, манай парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Нийгмийн сүлжээнд олон дагагчтай инфлүүнсер парламентын гишүүнээс илүү төлөөлөх чадвартай болж буй шинэ нөхцөл байдал руу Монгол Улс ч биш, дэлхий даяараа алхаж байна. Парламентын засаглалын мөн чанар нь өөрөө бага ард түмэн болдогт оршдог. УИХ-д сонгосон хүмүүс өмнөөс нь ярьж, төлөөлөл гэдэгт нь итгэж, засаглах эрхээ парламентад түр хугацаанд л шилжүүлж байгаа хэлбэр. Тиймээс УИХ илүү хүлээн зөвшөөрөгдсөн байх, сонгуулиас сонгуулийн хооронд бага ард түмний үүргийг гүйцэтгэх, иргэдийн нас, мэргэжил, давхарга, хот, хөдөөгийн, цөөнхийн төлөөлөл орж, тэдгээрийн нийлбэр байх ёстой. Намууд сонгуульд оролцдог ч УИХ-ын босгыг давж чаддаггүй, хоёр нам дээр л гол өрсөлдөөн өрнөдөг. Тэр тусмаа том тойрогт “том” улстөрч өрсөлдөж байж сонгогддог. Энэ нь “УИХ бидний төлөөлөл биш, сонгож байгуулсан засаг, төр маань биднээс хол байна” гэж иргэдийг хэлэхэд хүргэх боллоо” хэмээсэн юм.
Уг нь өнгөрсөн зургадугаар сард буюу УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хаахын өмнө баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай 34 дүгээр тогтоолд зааснаар дөрвөн үндсэн сэдвийг хөндөхөөр буй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тооны өөрчлөлтөөс гадна хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах болон төрийн сүлдийг шинэчлэхээр тусгасан. Хүний эрхийн тухайд гэхэд л цаазын ялыг халах, иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд хамгаалуулах боломж бүрдүүлэх зэрэг таван асуудлыг цэгцлэх чиглэл өгсөн байх жишээтэй. Гэвч сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрчлөх, гишүүдийн тоог нэмэхээс гадна парламентын засаглалыг төгөлдөржүүлэхтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, эсэх талаарх яриа хөөрөө өнгөрсөн хугацаанд илүүтэй өрнөсөн бөгөөд тэр дагуу л үйл явц өрнөж байна. Үүнийг өчигдөр ээлжит бусаар хуралдсан УИХ дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн тайлбар батална.
Юутай ч парламент дахь МАН-ынхан намын даргынхаа санал, манлайллыг дэмжихээ илэрхийлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сардаа багтаан УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн санал нэгдлээ. Учир нь ирэх оны зургадугаар сард багтаан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Тиймээс ч өнгөрсөн наймдугаар сард болсон УИХ-ын ээлжит бус чуулганы төгсгөлд УИХ-ын дарга уг төслийг боловсруулах үүргийг Засгийн газарт даалгаж, арванхоёрдугаар сарын 31-ний дотор өргөн мэдүүлэхийг үүрэг болгоод байсан билээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, хугацааг нь сунгах, үүрэг, хариуцлагыг нь сулруулах зэргээр эрх мэдлээ нэмэгдүүлэх агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг парламент санаачилж болохгүй. Энэ удаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэх мэтээр хууль тогтоох байгууллагатай шууд холбоотой зохицуулалт яригдаж буй тул Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүргийг Засгийн газар хүлээж буй.
Тиймээс үндэсний зөвшилцлийг эхлүүлж, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн нам, жагсагчдын төлөөлөлтэй ээлж дараалан уулзаж, тогтолцооны өөрчлөлтийн төлөө саналаа нэгтгэхээр болжээ. Өчигдөр гэхэд л Ерөнхий сайд УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагатай энэ талаар ярилцах санал тавьж, цаг товлосон сурагтай. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж, эл асуудлаар санал солилцсон бөгөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэнэ. Тэрбээр энэ тухайгаа хэвлэлийнхэнд хэлэхдээ “1992 онд Үндсэн хуулийг батлах үеэр Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалтай байх, эсэх тухайд санал яг тэнцүү хуваагдсан түүхтэй. Тухайн үед Үндсэн хуулиа батлах нь чухал байсан учраас ирээдүйд үүсэж болох зөрчилд нь төдийлөн анхаараагүй. Одоо Үндсэн хуулиа ард түмэн төвтэй болгож, иргэдийнхээ сонголт дээр тогтдог парламентын тогтолцоог сайжруулах ал хам хийгээсэй гэж хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхий сайд ч мэдээллийнхээ үеэр “Энэ жагсаалын дараа том агуулгаар нь харж, улс төрийн намуудтай зөвшилцөж, шийдвэрлэхгүй бол гал унтрааж, аргацааж бай гаад өнгөт хувьсгал, эсвэл эрх зүйт төр, парламентын засаглал солигдох хэмжээний эрсдэл үүсэх вий хэмээн санаа зовлоо” гэж байлаа. Ер нь “Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргажээ” хэмээх яриа гарснаас ч тэр үү, төрийн тогтолцоог өөрчилнө, Ерөнхийлөгчийн засаг лалтай болох нь зүйтэй гэж бодож суугаа хүмүүст хэлэхэд тийм боломж үгүй. Үүнийг яри хын тулд Үндсэн хуулийг шинээр бичих шаардлагатай. Тэгээд ч нэг хүнд бүх эрх мэдлийг өгснөөс нийт ард түмний төлөөлөл болсон парламен тын засаглалаа засаж, сайжруулсан нь өлзийтэй.