Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах санал гаргасан, эсэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад, Тэрбээр, "Ерөнхийлөгчөөс ийм санал гаргаагүй. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоорондоо таарамж муутай байна. Нам дотроо үе хоорондын зөрчилтэй байна гэх мэдээлэл гарсан. Ийм мэдээллээс болоод айхтар муудалцана гэж байхгүй. Сандраад байгаа зарим нөхдөд хандаж хэлэхэд ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Одооноос үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй.
Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Хурлын үеэр Ерөнхийлөгч УИХ-ын даргатай энэ талаар санал солилцсон. Ерөнхийлөгч ард түмэн дэмжвэл тогтолцооны өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзвэл би дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Олон улсын нөхцөл хүнд байгаа үед ҮАБЗ хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж байна. Тиймдээ ч бид төмөр замаа ашиглалтад оруулсан.
Удирдах зөвлөлийн хурал дээр бид энэ мэдээллийг л ярьсан. Өнөөдрөөс эхлээд холбогдох улс төрийн намын удирдлагууд, нийгмийн байгууллагуудтай уулзана.
Өчигдөр болсон зүйлийн талаар нуухгүй. Холбогдох мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагынхан надад өгсөн. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь зүй ёсны асуудал. Өчигдөр тагнуул, цагдаагийн байгууллагынханд хэрхэвч хүч хэрэглэж болохгүй гэдэг даалгавар өгсөн. Тэдний хувьд ч жагсагчидтайгаа ойлголцож, сайн ажилласан.
Залуучуудын органик жагсаалыг согтуу хүн авч ирээд, дундаас нь үймүүлэх асуудал гардаг. Энэ мэт жагсаалыг үймүүлэх гэсэн асуудал өчигдөр хэд хэдэн субъект дээр гарсан. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн бүх ажилчдын хаяг руу “ажил хаялт зарлаад жагсаалд оч” гэсэн мэйл явуулсан асуудал гарсан. Төрийн өмчит компани тэр дундаа онцгой дэглэм тогтоосон үед шүү дээ. Үүнийг би хууль бус гэж үзнэ. Зарим нэг буудлуудад мөнгө тараасан асуудал гарсан. Үүнийг нягтлах ёстой. " гэх мэдээллийг өглөө.