Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр, "Жагсагчдаас 14 иргэний нийгмийн байгууллагууд, 20 орчим бусад шаардлага ирсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байгаа юм. Өчигдөрийн жагсаал цуглааныг нүүрсний хулгайч нар зохион байгуулсан гэх мэдээлэл надад ирсэн. Мөн тогтолцооны хувьд ч гэсэн өөрчлөлт хийх шаардлагатай гэх санал ирсэн. Тогтолцоо нь буруу байгаа юм бол юугаа хүлээгээд байгаа юм бэ гэдэг бичиг ч ирсэн байсан. Хэрэв тогтолцооны хувьд том өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзвэл ард түмэнд сонголтыг үлдээх хэрэгтэй. Тийм учраас энэ асуудал дээр хамтдаа байж, үүнээс хүнд нөхцөл байдалд Монгол Улс орвол яах вэ гэдгээ бодож, том алхах зайлшгүй шаардлагатай. Энэхүү томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд Ерөнхий сайдын хувьд ард түмэндээ дахин сонгох эрхийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ өчигдрийн үйл явдал Япон улсад болсон бол Ерөнхий сайд парламентыг тараагаад дахин сонгууль явуулчихсан байгаа. Энэхүү реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг гэсэн үг. Хэрвээ дэмжихгүй байгаа бол өөр сонголт хий. Хугацаа алдахгүй явах боломж сонгодог парламентын засаглалтай орны хувьд нээлттэй асуудал. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн тэмцэл, бодлого цаашаа үргэлжлээсэй гэж хүсэж байна уу, үгүй юу гэдэгт ард түмэн дүнгээ тавих нь зүйтэй. Бид цаашдаа ийм зарчмаар явна.
Монгол Улсын Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын даргын хувьд тогтолцоог шинэчлэх асуудлаар үндэсний хэмжээний зөвшилцөл хийх хэрэгтэй. Надад ийм түүхэн үүрэг ирж байна гэж харж байна. Намын удирдах зөвлөлийг хуралдуулж, энэ асуудлыг ярилцсан. Үдээс хойш улс төрийн намын удирдлагуудтай уулзаж ярина. Нийгэм том агуулгаар нь тогтолцооны шинэчлэлийг хүлээн зөвшөөрвөл Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана.
Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайд, Засгийн газартай байхыг хэлдэг. Үүнийг Монголын ард түмэн, улс төрийн намууд дэмжих байх. Хэрэв тогтолцооны томоохон шинэчлэлт хийх шаардлагатай гэж үзвэл ард түмэнд дахин сонгох эрхийг олгох хэрэгтэй" гэлээ.