УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанд тус намаас дүүргүүдийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид оролцож, цаг үеийн асуудлаар санал солилцжээ. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцсан байна.
Үүнээс гадна нүүрсний хулгай тойрсон асуудлаар холбогдох мэдээллийг ил болгохыг Засгийн газраас шаардсан боловч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирүүлээгүйг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл онцолсон юм. Тэрбээр “МАН-ын мөрийн хөтөлбөр хангалтгүй биелж, ард түмний өрийн дарамтыг бууруулж чадахгүй, ядуурлын түвшин улам нэмэгдэж байгаагийн шалтгаан нь нүүрсний хулгай юм. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгосон гэж ярихаа болих хэрэгтэй. Хилээр гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, орлого, зарлага нь зөрүүтэй байгааг олон улсын байгууллагууд ил гаргасан шүү дээ” гэв. Юутай ч нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийхийг сөрөг хүчний зүгээс дэмжиж, хэд хэдэн гишүүн гарын үсгээ зураад буй аж. Тэдний дунд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ байгаа гэнэ. Мөн АН-ын бүлгийн хуралдааны талаарх хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүн С.Одонтуяа “Нүүрсний хулгайн томоохон хохирогч нь тээврийн бизнес эрхлэгчид. Ардын намын нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий, мафижсан бүлэглэлээс болж тээврийн олон компани дампуурсан. Эх орны баялгийг эзэмшигч болсон иргэд хариуцлага шаардаж, тэмцэх эрхтэй” хэмээлээ.