Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад сүүлийн хоёр жил физикийн хичээл огт заагаагүй гэнэ. Шалтгаан нь тус сургууль физикийн багшгүй болоод ийм хугацаа өнгөрчээ. Эл хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр төлөвлөсөн сурагчид арга ядахдаа төлбөртэй цахим сургалтад хамрагдаж эхэлсэн байна. Үүнийг мэдээлсэн X ангийн сурагч “Бид нар ч яах вэ, төгсөх болоогүй учраас хичээлийн хоцрогдлоо яаж ийгээд нөхчихнө. Төгсөх ангийн ах, эгч нарт л хэцүү байх. Зарим нь Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатарт байдаг багш нараас онлайнаар төлбөртэй давтлага авч байна гэсэн. Физикийн хичээл гэж юу байдгийг мартсан. Хамгийн сүүлд ямар сэдэв үзсэнээ санадаггүй. Хичээлийн хуваариас ч хассан. Багш олддоггүй юм билээ. Энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас шинэ багш ирнэ гэсэн сураг гарсан. Яах юм, бүү мэд” хэмээн ярилаа. Үүнийг сонсоод хэлэх үг олдсонгүй.
Шинжлэх ухааны хаан нь математик, харин түүний хатан нь физик гэдэг. Байгалийн шинжлэх ухааны үндэс нь физик гэх нь ч бий. Биднийг хүрээлэн буй бүх зүйлс физик шинж чанар агуулдаг. Юмс үзэгдлийн учир шалтгаан, зүй тогтлыг танин мэдэж, шинжлэх ухаанд шимтэн дурлах боломжийг гагцхүү энэ хичээл л сурагчдад олгодог. Орчин цагт физикийн хичээлтэй холбогддоггүй нарийн мэргэжил гэж үгүй. Цалин хангамж өндөр хэмээн монгол залуусын хошуурах болсон уул уурхай, өнөө үед хамгийн эрэлттэйд тооцогдож буй системийн шинжээч, мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженер, техникийн чиглэлээр суралцаж, ажиллахад физикийн шинжлэх ухааны суурь мэдлэг, ойлголт зайлшгүй шаарддаг. Үүнийг элсэлтийн ерөнхий шалгалтын гол хичээлүүдийн нэгттооцдог. Гэтэл нэгэн сумын сургууль мэргэжлийн багшгүйн улмаас физикийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөсөө ийнхүү өөрсдийн дураар “хасжээ”. Дунд, ахлах ангийн сурагчид нь физикийн хичээл үзэлгүй бүхэл бүтэл хоёр жилийг үджээ. 2021, 2022 оны төгсөгчид нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн бэлтгэж, ямар үр дүн үзүүлснийг төсөөлөхөд бэрх. Ирэх оны төгсөгчид нь хэрхэхийг таамаглахад хэцүү. Тус сургуульд дан ганц физикээр зогсохгүй өөр хичээлийн багш ч дутагдалтай гэнэ. Өнгөрсөн намар нэг хэсэг монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багшгүй болоход захирал нь эдгээр хичээлийг заасан аж. Дорвитойхон ч ярьж чаддаггүй, алдаатай бичдэг, мэргэжлийн сургууль төгссөн, эсэх нь ч тодорхойгүй нэгэн бүсгүйгээр англи хэлний хичээл заалгаж эхэлсэн нь ахлах ангийнхны дунд ярианы олз, доог тохууны бай болсон гэх. Мөн эрүүл мэнд, биеийн тамирын хичээлийг нэг багш заадаг аж. Ганцхан сургуулийн “гал тогоо руу” өнгийхөд л хүний нөөцтэй холбоотой олон асуудал илрэв. Харамсалтай нь, манай улсад яг ийм асуудалтай нүүр тулж, багшийн эрэлд гарч буй сургууль цөөнгүй байна. Ялангуяа цар тахлаас хойш багшлах боловсон хүчний асуудал хурцаар тавигдах болжээ.
Хүдэртэй зэргэлдээ орших Ерөө сумын ерөнхий боловсролын сургууль гэхэд математик, мэдээллийн технологи, зураг зүй, хими, физик, биологийн багш ажилд авах зар тавьжээ. Нийслэлийн 126 дугаар сургуульд математик, мэдээллийн технологи, орос, монгол хэл, дуу хөгжим, түүх, нийгмийн ухаан зэрэг хичээлийн есөн багшийн орон тоо сул буй гэнэ. 61 дүгээр сургууль математик, хими, монгол хэл, нийгмийн ухааны багш хайж эхэлжээ. “Ирээдүй” цогцолбор сургуульд хими, дуу хөгжмийн хичээлийн болон бага боловсролын багш хэрэгтэй байгаа аж. Багшийн эрэлд гарч буй сургуулиудыг ийм байдлаар жагсаавал 16, 20, 52, 61, 73, 107, 113 ... гээд уртаас урт цуваа бий болох нь. Ерөөсөө ерөнхий боловсролын сургуулиуд хөдөө, хотгүй багшийн эрэлд “хатаж” байна.
“Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбоо” НҮТББ-ын тэргүүн Д.Эрдэнэ “Ерөнхий боловсролын сургуулиуд багшгүй болж, захирлууд нь “үгээ хэлж” эхэлсэн. Ялангуяа бага боловсролын болон байгалийн шинжлэх ухааны хичээлийн багш их хомсодсон. Зарим нь боломжийн нөхцөл санал болгоод ч, чөлөөндөө суусан багш нарыг гуйгаад ч нэмэргүй гэнэ. БШУЯ энэ асуудалд анхаарч, боловсролын багц хуулиар дорвитой өөрчлөлт хийхгүй бол горьгүй нь” хэмээн ярьсан юм.
Улсын хэмжээнд хэчнээн багш дутагдаж байна вэ. Үүнийг БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газрынхнаас лавлахад “2022-2023 оны хичээлийн жил эхлэхээс өмнө буюу өнгөрсөн долдугаар сард хийсэн судалгаагаар орон нутагт 1564, нийслэлд 1398 багш шаардлагатай байсан. Аймгуудаас Архангайн хэмжээнд 156, Сүхбаатарт 139, нийслэлийн дүүргүүдээс Баянголд 283, Баянзүрхэд 330 багшийн сул орон тоо байсан нь хамгийн өндөр дүндтооцогдожбайв. Хамгийн их дутагдалтай нь математик, монгол хэл, уран зохиол, англи хэл, бага боловсролын багш. Бага боловсролын 700 орчим багшийн сул орон тоотойгоор энэ хичээлийн жилийг эхлүүлсэн. Хүн амын өсөлт, жил бүр сургууль, цэцэрлэг шинээр байгуулдагтай холбоотойгоор багшлах боловсон хүчин үеийн үед дутагдсаар ирсэн. Одоо ч тийм. Яамны зүгээс багш нарын үнэлэмж, нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч байгаа” гэж мэдээллээ. Энд дурдсан 2962 гэдэг тоо бол одоогийн нөхцөл байдлын бодит хэмжүүр биш. Өнгөрсөн долдугаар сараас хойш хэдэн багш ажлаасаа гарч, хэчнээн орон тоо гарсныг таашгүй. Нэгдүгээр улирлын хичээл үргэлжилж буй энэ өдрүүдэд ч “Багш ажилд авна” гэсэн зар хөвөрч байна. Есдүгээр сараас хойш нэгэн сургуулийн найман багш ажлаасаа гарсан, тэдний гурав нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар виз мэдүүлсэн талаар танил маань ярив. Тэрбээр мөн багш бөгөөд төрөлх аймагтаа мэргэжлээрээ тав, нийслэлд жил гаруйн хугацаанд ажиллаад өнгөрсөн сарын сүүлчээр гэр бүлийн хамтаар Унгар луу явсан юм. Шалтгаан нь БНСУ-ын виз мэдүүлсэн багш нарынхтай ижил.
Боловсролын салбар яагаад хүний нөөцийн дутагдалд оров. Нийгмийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд боловсон хүчин бэлтгэж чадахгүй байна уу. Багшаар суралцах хүний тоо цөөрөв үү. Хачирхалтай нь, тийм биш аж. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэвлэлд саяхан өгсөн ярилцлагадаа “Багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөж байгаа залуусын тоо, ерөнхий боловсролын сургуулиудад бий болж буй хэрэгцээг харьцуулж үзэхэд тэнцвэртэй байгаа. Жилд дунджаар 3000-3500 оюутан багшийн мэргэжлээр төгсдөг бол сургуулиуд дахь сул орон тоо 2500 орчим байдаг” гэж онцолжээ. Эндээс нэгэн дүгнэлтэд хүрч болохоор байна. Манай улс багшгүйдээ биш, сурган хүмүүжүүлэгчээр ажиллах хүсэлгүй хүн олширсноос ийм байдалд хүрчээ. Тэгвэл үүнд юу нөлөөлж байна вэ. Хамгийн гол шалтгаан нь багшийн үнэлэмж, ажлын ачаалал. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас болоод нэг багшид ногдох хүүхдийн тоо Монголд харьцангуй өндөр байдаг. Цалин, урамшуулал нь ч олон улс, дэлхийн бусад орны жишгээс хэд дахин доогуур байсаар ирсэн. Дээрээс нь элдэв сургалтад хамруулах, үнэлгээ хийлгэх, ур чадвар дээшлүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр баахан бичиг цаасны ажлаар дардаг. Өнөө жилээс багшийн ажлыг гүйцэтгэлээр нь үнэлж, 25 хүртэлх хувийн урамшуулал олгож эхэлсэн ч энэ нь угаасаа ачаалалтай ажилладаг багш нарт нэрмээс болохоос цаашгүй байгаа гэх. Мөн сурган хүмүүжүүлэгчдийг хөгжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах зорилгоор шаардлагатай хэрэглэгдэхүүн, компьютер зэргээр хангаж эхэлсэн нь ч (зарим аймаг бүх багшаа компьютертой болгоод буй) тэдэнд бодитой дэмжлэг болсонгүй. Үндсэндээ багш нарыг дэмжих, үнэлэмжийг нь сайжруулах зорилгоор төрөөс, салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлогууд байгаа онохгүй, төөрөлдөж байна. Энэ зуур багш нар ажлаасаа халширч, няцаж, өөр сонголт хийж эхэллээ. Нийгэм, эдийн засгийн хүндрэл ч тэднийг ийм шийдвэр гаргахад нөлөөлж буй. УИХ-д өргөн бариад буй Боловсролын багц хуулийн төсөлд багш бэлтгэх тогтолцоог хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээтэй уялдуулах, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөл, норм, норматив, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон тусгаж, шийдвэрлэх шаардлагатайг багш нар анхааруулах боллоо. Тэдний үг холбогдох хүмүүсийн чихэнд, анхааралд хүрээсэй билээ.
Багш хүрэлцээгүйгээс сургуулиуд зарим хичээлээ хуваариасаа “хасаж” байна. Зарим нь өөр багш нартаа “давхар дээл” өмсгөж, ачаалал нэмэх болов. Нөгөө хэсэг нь төгсөх дамжааны оюутан, өндөр насны тэтгэвэртээ гарсан багш нарыг гуйж гувшин авчирч, хичээлээ алдаг оног заалгуулж байх жишээтэй. Нийслэлийн 50 дугаар сургууль гэхэд их сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарсан хүнээр англи хэлний хичээл заалгадаг юм байна. Өнөөх нь хичээлээ заахаасаа заахгүй нь олон учраас эцэг, эхчүүдийн зарим нь хүүхдээ сургалтад явуулж эхэлсэн гэх. Ийм байдлын улмаас хамгийн их хохирч буй нь сурагчид. Цар тахлын улмаас бүхэл бүтэн хоёр жилийн турш хичээл завсардаж, хоцрогдсон сурагчид боловсролын салбар дахь хүний нөөцийн хомсдолоос болж зарим хичээлээ үзэж чадахгүйд хүрч, дахин хохирч байна. Салбарын яам болон Боловсролын ерөнхий газрынхан багш нарыг тогтоон барих, дэмжих оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол сургуулиуд сурган хүмүүжүүлэгчдээ алдаж дуусах нь.