Туркийн Засгийн газраас террорист байгууллагад тооцсон Курдистаны ажилчны намын гишүүн Махмут Татыг Шведийн эрх баригчид илжүүлэн өгснийг “Anadolu” агентлаг мэдээллээ. Ийнхүү Швед улс НАТО-д элсэхийн тулд Туркийн дэмжлэгийг авахын тулд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эхлэв. Махмут Тат нь террорист үйл ажиллагаа явуулсан хэргээр Туркт зургаан жил 10 сар хоригдох ял шийтгүүлсэн аж. 2015 онд тэрбээр эх орноосоо дүрвэж, Шведээс орогнох эрх хүссэнийг хүлээж аваагүй гэнэ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Истанбулд шилжүүлсэн байна. Махмут Татыг өнгөрсөн сарын 22-нд Шведэд саатуулжээ. Түүний шилжүүлэх тухай хэргийг хянан, шийдвэрлэхэд туслахыг хүсэж, Шведийн олон хуульчид хандсан ч тэд татгалзсан хариу өгснийг Шведийн эрх баригчдаас томилсон, М.Татагийн өмгөөлөгч Абдулла Девержи мэдэгджээ. Финланд болон Швед өнгөрсөн тавдугаар сарын 18-нд НАТО-д элсэх хүсэлт гаргажээ. Үүнийг Турк улс эсэргүүцсэн юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан тус хоёр улсыг Курдистаны ажилчны намынханд нааштай ханддаг учраас дэмжихгүй гэжээ. Гэсэн ч тус намын ял шийтгүүлсэн гишүүдийг шилжүүлэн өгөх нөхцөлтэйгөөр НАТО-д элсэхийг Турк улс Швед, Финландад зургадугаар сарын 28-нд зөвшөөрсөн юм.