Мах, махан бүтээгдэхүүнийг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдсан тухай ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ үеэр Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийн талаар хийсэн дүн шинжилгээг танилцуулж, мах, махан бүтээгдэхүүний экспортын зураглал гаргаж, цахим системд шилжүүлэх, ил тод болгох тухай хэлэлцжээ. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичиг бүрдүүлэхдээ давхардсан тоогоор 43 материал бэлтгэдэг аж. Тодруулбал, долоон байгууллагаас 26 нэр, төрлийн баримт бичиг бүхий дээрх тооны материалыг давхардуулан бүрдүүлдэг гэнэ. Энэ нь найман баримт бичгийн давхардал үүсгэхээс гадна хамгийн багадаа 316 цаг зарцуулдаг байна. Тэгвэл “Экспортын нэг цонх”-ны цахим систем нэвтрүүлбэл 17 нэр, төрлийн баримт бичиг бүрдүүлж, зарцуулах хугацааг 96 цаг хүртэл багасгах, мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломж бүрдэх аж.
Бэлтгэсэн Ц.Ундрал