Залуучууд өчигдөр Сүхбаатарын талбайд "Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла" хэмээн Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэд өчигдөр төв талбайд 11.00 цагаас эхлэн жагсаж, орой нь Их тэнгэрийн аманд очив. Тэнд цагдаагийн хамгаалалт гарсан. Цагдаа нарын бамбайтай иргэд нүүр тулж, 2-3 цаг эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэгвэл уг жагсаал өнөөдөр ч үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс жагсаалд оролцохыг хүссэн зарим сургуулийн оюутнууд сургуулиасаа чөлөө олгохыг хүсчээ.