Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг ИТХ өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн, баталлаа. Улаанбаатар хотын төсөвт ирэх онд нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Харин нэг их наяд 148.9 тэрбум төгрөгийн зардал гарган, нийслэлийн төсвөөс улсынхад 593.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталлаа. Эл дүн нь энэ оныхоос 425.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хотын төсвийн орлогын 88.9 хувийг татвараар, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх нь. Тэр дундаа 70.7 хувийг орлогын албан татвараар бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний 52.5 хувийг хувь хүний орлогын албан татвар, 18.2 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үлдсэнийг нь бусад төрлийн татвар эзлэх аж. Нийслэл, дүүргүүд ирэх жил урсгал зардалдаа 772.9 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Энэ оны төсөвт урсгал зардлын хэмжээг 698.8 тэрбум төгрөгөөр тусгаж байв.
Төсөвт зам, гүүрний бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг тусгасан байна. Тухайлбал, нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр ирэх жил 101 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээрт 114.1 тэрбум гаруй төгрөг зарцуулах нь. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний уг зардал нь энэ жилийнхээс 5.7 дахин буурсан бөгөөд 2021 оныхоос ч бага дүн юм. Үүний 81 нь барилга байгууламжийн ажил, 14 нь их засвар, хоёр нь тоног төхөөрөмж авах, дөрөв нь зураг төсөл боловсруулах төсөл аж. Төсвийн төслийг хэрэлцүүлэх үеэр нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал ирэх онд орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр хоёроос дээш орон сууцтай иргэдийн судалгааг гаргаж, гурав дахь байрнаас нь эхлэн татвар ногдуулах нь зүйтэй гэжээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт малын хөлийн татвар тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.
Бэлтгэсэн М.Оч