УИХ өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаараа Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцав. Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн М.Пүрэвсүрэн, хоёрдугаарт “жагссан” Б.Ганболд, Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг тэргүүлсэн Н.Батчимэг нарыг УИХ-д танилцуулсан юм. Үүнээс өмнө тэднийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, нэр дэвшигчийн сонсгол тус байнгын хорооноос зохион байгуулсан билээ. Үндсэн хуулийн 51.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно” гэжзаасны дагуу тэднийг томилох, эсэхээ Төрийн тэргүүн удахгүй шийдэх биз. Хэрэв гурван нэр дэвшигчийг бүгдийг нь томилбол Дээд шүүхэд үүсээд буй сул орон тоог бүрэн нөхөх юм байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Шүүхийн тухай хууль, шүүхийн шинэчлэлийн дагуу үүнээс өмнө Н.Баярмаа, Д.Батбаатар нарыг Дээд шүүхийн шүүгчээр эл зарчим, дарааллын дагуу томилоод буй юм.
Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн, ам бүл дөрөв. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын I сургууль, 1998-2003 онд “Их засаг” их сургуулийг эрхзүйч (бакалавр), 2011-2014 онд магистрын зэрэгтэй төгсжээ. Тэрбээр 2003-2004 онд “Улаанбаатар даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын I шүүх, 2012 онд Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүх, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүх, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны X шүүх, 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж буй аж. Нэр дэвшигч Б.Ганболдын хувьд 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, ам бүл дөрөв. 1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль, 1996-2000 онд “Их засаг” дээд сургуулийг эрхзүйч (бакалавр), 2000-2001 онд магистрын зэрэгтэй төгсжээ. Тэрбээр 2000-2004 онд “Их засаг”, 2006-2008 онд “Халх журам”, 2008-2014 онд “Түшээ” дээд сургуульд багш, 2006 оноос өмгөөлөгчөөр ажиллаж буй аж. Харин нэр дэвшигч Н.Батчимэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, ам бүл дөрөв. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, 1993-1997 онд МУИС-ийг эрхзүйч (бакалавр), 2011-2018 онд мөн сургуулийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй дүүргэжээ. Тэрбээр 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын II шүүхэд туслах шүүгч, 2001-2010 онд тус аймаг дахь сум дундын I шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүх, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах II шүүх, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ.
Д.Ганболд
Тэднийг нэр дэвшүүлэх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулсан бөгөөд хууль зүйн мэдлэг, чадварын болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авч, сонгосон байна. Ингэхдээ хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг 70 хүртэл оноогоор үнэлж, 50-иас дээш оноо авсан нэр дэвшигчийг тэнцсэнд тооцдог аж. Улмаар мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулж, 30 хүртэл оноогоор үнэлэн, 20-иос дээш оноо авсан нэр дэвшигчийг уг шалгалтад тэнцсэн хэмээн нэрийг нь уламжилжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын хэлснээр өндөр нууцлал бүхий тусгай даалгавар бэлтгэн, онолын болон практик мэдлэг, чадварыг нь үнэлдэг гэнэ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн нэр дэвшигчдийн талаар мэдээлэл цуглуулж, шалгасны эцэст тусгайлан уулзаж, ярилцдаг аж.
Үндсэн хуулийн 51.3-т зааснаар хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын 35 нас хүрсэн иргэнийг Дээд шүүхийн шүүгчээр томилох ёстой. Мөн Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх ёстой. Үүнээс гадна Дээд шүүхийн шүүгч нь шүүгч, прокурор, эсвэл өмгөөлөгч, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд 10-аас доошгүй жил багшилсан байх гэсэн гурван шаардлагын аль нэгийг нь хангах учиртай.
Мэдээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс тэднийг дээрх бүх шаардлагыг хангасан хэмээн тайлбарлаж буй. Гэхдээ УИХ-ын хэлэлцүүлэг, сонсголын үеэр арай өөр байр суурь илэрхийлсэн хүмүүс бас бий. Тухайлбал, нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Ц.Мөнх-Оргил нэр дэвшигчид, тэр дундаа Б.Ганболд нь Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж чадна гэдэгт эргэлзэж буйгаа хэлэхийн сацуу Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалтыг эргэж харах ёстойг онцолсон юм. Тэрбээр “Бид Шүүхийн тухай хуульд буруу заалт оруулснаа хүлээх ёстой. Жишээ нь, нэр дэвшигч Б.Ганболд нэг ч өдөр шүүгчээр ажиллаагүй байна. Ийм хүн нэр дэвшин, томилогдох бололцоог бид хуулиар бүрдүүлжээ. Прокурор, эсвэл өмгөөлөгчөөр дагнаж 10-аас доошгүй жил ажилласан хүн Дээд шүүхийн шүүгчээр томилогдож болох заалтыг бид хуульд оруулсан. Гэтэл Б.Ганболд өмгөөлөгчөөр 10 жил дагнаж ажилласан гэж ч намтраас нь харагдахгүй байна. 2014 оноос хойш юу хийсэн нь тодорхойгүй. Энэ хүн найман жилийн турш хаана, юу хийж явсан юм бэ. Багшилж байсан “Түшээ”, “Халх журам” сургууль нь ч одоо байхгүй. Уг нь бид багшийг шүүгчээр томилох тохиолдолд зүгээр багш биш, их сургуулийн эрх зүйн профессор байна гэж хуулийг батлахдаа ярьж байсан шүү дээ. Багш, профессор хоёр бол зарчмын зөрүүтэй ойлголт. Ядаж үүнийг харах ёстой байсан юм биш үү. Өмгөөлөгч, эсвэл шүүгчээр ажиллах, тэр дундаа Дээд шүүхийн шүүгч байх нь зарчмын хувьд өөр. Энэ хүн хэрэг уншиж үзсэн юм уу. Гаргалгаа хийх чадварыг нь үнэлсэн юм уу, Д.Зүмбэрэллхам дарга аа” гэж байлаа. Хуульч л бол заавал шүүгч гэлтгүй, өмгөөлөгч, прокурор, эрх зүйн багшийг Дээд шүүхэд томилж болно гэж заасны гор нь гарч байгааг гишүүн С.Амарсайхан ч шүүмжилнэ лээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Дээд шүүхийн шүүгчээр хэнийг ч томилж болдог гэх ойлголт өгөхөөр зүйлийг гишүүд ярьж байгааг анхааруулаад, гагцхүү шүүгчийг шилж сонгох ажлыг хийх ёстой Шүүхийн ерөнхий зөвлөл үүргээ хангалтгүй биелүүлсэн байх талтайг онцолсон юм. Тэрбээр “Д.Зүмбэрэллхам даргын буруу гэж ярина уу гэхээс баталсан хуулиа болохгүй, бүтэхгүй гэж үзэхгүй. Мөрдөөд нэг ч жил болоогүй хуулиа үгүйсгээд байж таарахгүй. Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь шүүгч нараас бүрдүүлэхээс зайлсхийж, цусыг нь сэлбэж байхын тулд прокурор, өмгөөлөгч, багш нарыг гуравны нэгээс нь хэтрүүлэхгүй байхаар Шүүхийн тухай хуульд заасан шүү дээ” хэмээн тайлбарлав.
Н.Батчимэг
Үнэхээр ч Б.Ганболд нь Шүүхийн тухай хуулийн 31.4-т заасан “...прокурор, эсхүл өмгөөлөгчөөр дагнан 10-аас доошгүй жил ажилласан” байх шаардлагын дагуу нэрээ дэвшүүлсэн анхны хүн аж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам түүний өмгөөлөгчөөр ажилласан хугацааг нягталснаа хэлсэн бөгөөд “Их сургуулийн багш байхдаа ч өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Ер нь багш нар өмгөөлөгчөөр ажиллаад явдаг юм байна. Өмгөөлөгч нарыг Дээд шүүхэд томилдог жишиг олон улсад түгээмэл байдаг” гэсэн юм.
Харин нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын хүүгийн найз гэж зарим эх сурвалж мэдээлсэн. Улмаар шүүгчийн сонгон шалгаруулалтад голлох үүрэгтэй оролцдог Мэдээлэл, технологийн хэлтсийн даргыг сольж, өөр хүнийг томилсон хэмээн ярьж буй. Энэ тухайд гишүүн Б.Энхбаяр тодруулахад Д.Зүмбэрэллхам “Мэдээлэл, технологийн хэлтсийн даргаар ажиллаж буй хүн энэ албанд нэлээд эрт томилогдсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн сүүлийн гурван удаагийн сонгон шалгаруулалтын үед нэг л хүн энэ хэлтсийн дарга байсан. Тэгээд уг сонгон шалгаруулалтын оноо бол Мэдээлэл, технологийн хэлтсээс тэгтлээ хамааралтай биш. Оролцогчдын оноог өөрчлөх боломжгүй” хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.
Мөн нэр дэвшигч М.Батчимэгийг “аймгаасаа холдоогүй” нэгэн хэмээн өөлөх хүн байсан ч эмэгтэй гэдэг талаас нь, бас мэдлэг, туршлагыг нь үнэлэх гишүүн нэг бус байлаа. Ер нь нэр дэвшигчдийн хэн хэн нь гишүүдээс сайн, муу үг сонсов. Юутай ч Дээд шүүхийн гишүүдийн энэ удаагийн томилгоо угтсан сонсгол, хэлэлцүүлэг нь Монгол Улсын хяналтын шат, онолын түвшний шүүхийн босго өндөр байх учиртайг сануулахын зэрэгцээ мөрдөөд жил ч хүрээгүй хуульд нь “болохгүй” зүйлс байгаа юм биш биз гэсэн бодол, эргэцүүлэл үлдээлээ.
М.Пүрэвсүрэн