Үндэсний агаарын тээврийн түүхэнд нэгэн онцгой хуудас нэмж, “Монголиан Эйрвэйс” компанийн AIRBUS A330-200, A320-200 маягийн агаарын хөлгүүд өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. “Монголиан Эйрвэйс” компани мэргэжлийн өндөр хариуцлага, сахилга батыг дээдлэн, зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэн, хөгжлийн шинэ шат руу алхаж, ийнхүү шинэхэн агаарын хөлгүүдээ хүлээн авлаа. Тус агаарын хөлгүүдээр Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэнэ. Монгол Улсын Засгийн газраас 2023- 2025 оныг “Монголд Зочлох Жил” болгон зарлаж, агаарын тээврийн салбарыг либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилго, зорилтуудыг тавин ажиллаж байгаа энэ онцгой цаг үед эдгээр агаарын хөлгүүдийг нислэг үйлдвэрлэлд ашигласнаар иргэний нисэх, зорчигч тээврийн үйлчилгээнд чухал дэвшил үзүүлэх юм. Монгол Улсад өмнө нь AIRBUS маягийн агаарын хөлөг ашиглаж байсан ч зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглаж байсан юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын хөлгүүдийг хүлээн авах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсад томоохон түүхэн үйл явдал болж байна. Иргэний агаарын тээврийн салбар 47 агаарын хөлөгтэй байсан бол 49 болж, дунд оврын болон том оврын хоёр агаарын хөлөг нэмэгдлээ. Энэхүү түүхэн үйл явдалын эзэн болж байгаа Монголиан Эйрвэйс компанийн хамт олонд болон нийт агаарын тээврийн салбарынхандаа талархал илэрхийлж, баяр хүргэх ёстой. Энэ бол маш том зориг, маш их хүч хөдөлмөр. Миний бие Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод, агаарын тээврийн салбарт либералчилал хийе, үндэсний агаарын тээвэрлэгч компаниудаа дэмжиж тэгш боломжийг олгоё гэж хэлж байсан. Өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа таван агаарын тээврийн компани нэгдэж, нийлж, хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Одоо хил хязгааргүй нисэх хэрэгтэй, ур чадвараа харуулах хэрэгтэй. Монголынхоо иргэдэд дэлхийн бусад орны жишгээр тав тухтай, аюулгүй нислэгээр зорьсон газарт нь саадгүй хүргэх хэрэгтэй. Бидний зүгээс агаарын тээврийнхэнээ бүх талаар дэмжинэ” гэдгийг онцлон хэлсэн юм.
Харин “Mongolian Airways” компанийн захирал Ч.Хоролсүрэн “Миний хорин жилийн мөрөөдөл өнөөдөр биелэж байна. Гэрээ хийгдсэнээс хойш зургаан сар хүлээсний эцэст агаарын хөлгүүдээ хүлээн авлаа. Дэлхийн томоохон агаарын тээвэрлэгч нар бүгд AIRBUS-аар нислэг үйлдэж байгаа. Бид дэлхийн жишигт нийцэж, салбартаа болжмор биш бүргэд байхын төлөө улам их хичээх болно” гэв.
Ийнхүү Монгол Улсын агаарын тээврийн салбарт тэр дундаа зорчигч тээврийн үйлчилгээнд түүхэн дэвшил гарлаа.