Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хаалтын ажиллагаа өчигдөр болов. Уг хөтөлбөрийн хүрээнд сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулах, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр гурван томоохон төсөл амжилттай хэрэгжүүлжээ. Хүрсэн үр дүнг цаашид сайжруулан, үргэлжлүүлэх талаар оролцогч байгууллагуудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэв.
ЗГХЭГ-тай хамтран хэрэгжүүлсэн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл гэхэд сайн засаглал, төвлөрлийг сааруулах зарчим, төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой, тодорхой хуваарилах санал, зохицуулалтыг холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгуулах чиглэлээр үр дүнд хүрлээ. Орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлд томоохон ахиц гарсан гэж үзсэн учраас урт хугацаанд үргэлжлүүлэх том шинэчлэлийн эхлэл гэдэгт оролцогч талууд санал нэгдэв. Үүнээс гадна ХЗДХЯ-тай хамтран “Иргэдийн оролцоо”, ийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.
Манай улсын хувьд орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэдтэй зөвлөлддөг боловч ардчилсан шийдвэр гаргах үйл явц хязгаарлагдмал байсан. Мөн нийслэл иглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас гэр хороолол тэлж, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүргэхтэй холбоотой ажил нь нийслэлийн удирдлагуудын тулгамдсан асуудал болсон юм. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд уг хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлж, амжилттай хамтран ажилласан гэдгийг ГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрбээр “Хөтөлбөрийн эхний үе шат буюу 2012-2015 онд хүрсэн үр дүн болох Нэг цонхны үйлчилгээний төвийг Засгийн газар өргөжүүлэн, хөгжүүлснээр бизнес эрхлэгчид болон иргэдэд үр өгөөжөө өгсөн. Үүний адил 2015 оноос хойш буюу хөтөлбөрийн хоёр, гурав дахь үе шатанд бий болсон чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цааш өргөжүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри өөрийн улсын болон олон улсын сайн туршлага, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хөтөлбөрийн гурван үе шатанд нийт 17 сая швейцар франкийн дэмжлэг үзүүлснийг дурдав. Монголын талын хамтрагч байгууллагууд болон Азийн сангаас өнгөрсөн хугацаанд тодорхой санхүүжилт гаргаж, үр дүнтэй хамтран ажилласан гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.