УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сүүлийн үед ирц хангалтгүй байгааг шүүмжлэв. Тэрбээр “Олонхын бүлгийнхэн ажлаа хийхгүй буйгаас байнгын хороод хуралдаж чадахгүй байна. Нийгмийн амьдрал ямар хүнд байгаа билээ. Ийм үед төрийн эрх барих дээд байгууллага нь хуралдаж чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд ирц ч, мэтгэлцээн ч алга. УИХ-ын 35 гишүүн гадаадад томилолттой яваа гэх мэдээлэл байна. Газрын багц хуулийн төслийг хэлэлцэж байхад нэгдсэн хуралдааны танхимд арав хүрэхгүй гишүүн байна шүү дээ. Бас нүүрсний хулгайч нартаа яаж хариуцлага тооцох вэ гэдгээ ярих цаг нь болсон” хэмээн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг эрх баригч намын даргаас шаардлаа.
Мөн Архангай аймгийн ИТХ В.Мөнхбатыг Засаг даргаар томилохыг дэмжиж, батламжлуулахаар Ерөнхий сайдад хандсан ч Засгийн газрын тэргүүн буцаасныг шүүмжлэв. Тэрбээр “Ерөнхий сайд орон нутгийн өөрөөудирдах ёс, иргэдийнх нь сонголтыг уландаа гишгэж байна. Ямар ч шалтгаан, тайлбаргүйгээр, В.Мөнхбатыг Засаг даргаар батламжлахаас татгалзлаа. Энэ хүн АН-ын гишүүн учраас Засгийн газрын тэргүүнээс дэмжлэг авсангүй. Гэтэл Архангай аймагт өвөлжилт хүндэрч, тулгамдсан олон асуудал үүсээд байна” гэлээ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар ч гишүүдийг шүүмжлэв. Тэрбээр “Газрын багц хуулийн төслийг лгэхэд хоёр удаа хойшлууллаа. Газрын наймаа хийдэг гишүүд нь Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй байгаа юм уу, ашиг сонирхлын ямар зөрчилтэй юм бэ гэж сөрөг хүчин болон олон нийт, иргэд асууж байна. Энэ нь ч зөв. Хуралдаа идэвхтэй оролцож, ажлаа хиймээр байна. Өнгөрсөн сарын ирцийн мэдээг харахад Ш.Адьшаа, П.Анужин, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Ганибал, Б.Жаргалмаа, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Ч.Ундрам нар хуралдаанаас нэг ч удаа хоцроогүй, таслаагүй, чөлөөаваагүй, гадаад болон дотоодод томилолтоор яваагүй байна. Гэтэл арваннэгдүгээр сард нэгдсэн хуралдаан долоон удаа болоход их, бага хэмжээгээр хоцорсон гишүүн 30 гаруй байна. Жилийн эцэст энэ мэт гишүүдийн нэрийг нийтэд зарлана. Хуралдаанд хамгийн идэвхтэй оролцдог нь Ж.Батжаргал гишүүн. Хуралдаанд эхнээс нь дуустал идэвхтэй оролцдог. Гэтэл зарим нь асуултаа тавьчихаад л гараад явчихдаг. Сүүлийн жилүүдэд ирц сайжирч, хуралдаан цагтаа эхэлдэг болсныг бахархан тэмдэглэж байсан ч сүүлийн хоёр долоо хоногт олон гишүүн хуралдаа оролцсонгүй. Манай зарим гишүүн хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэх, хэт мэргэн хүн болох гэсэн үйлдэл нь парламентын нэр хүндийг унагааж байна. Та бүхэн хэлэх үгээ ч урьдчилан сайн бэлтгэх хэрэгтэй. Дэмий ярьж, цаг үрэх хэрэггүй. Нөгөөталаас хуулийн төслийн чанарт анхаарах шаардлагатай. Санаачлагчид нь дутуу, хуумгай боловсруулсан төслөө“УИХ учрыг нь олно биз” гэх хандлагаар парламентын босго давуулж шиддэгээ боль. Эрдэмтдийнхээ саналыг ав. Муу боловсруулсан төслийн бөөс, хуурсыг УИХ түүх ёсгүй” хэмээн анхааруулсан юм.