“Эрдэнэс Монгол” компанийг Сингапурын “Темасек холдинг”-ийн загвараар хөгжүүлэх санаачилга гаргаснаас хойш 10-аад жил өнгөрчээ. Угтаа энэ нь төрийн нэрийн өмнөөс стратегийн буюу ашигт малтмалын баялаг нөөцтэй ордуудыг ашиглах үүрэг хүлээсэн “Эрдэнэс Монгол” компанид сайн засаглал төлөвшүүлэх санаачилга байсан юм. Гэвч өдий хүртэл тус компанийн засаглалыг сайжруулсангүй, урьдын хэвээр бизнесийн байгууллага биш, Засгийн газрын нэг агентлаг маягтай ажиллаж байна. Бизнесийн байгууллагын засаглал яагаад сайн байх ёстой вэ. Сайн засаглалтай компани л өндөр үр ашигтай ажиллаж, хөгждөг жамтай. Засаглал нь муу бол хэчнээн их хөрөнгө чинээ, баялагтай байсан ч төдийлөн үр дүнтэй ажиллаж чаддаггүй. Иймээс л аливаа ашиг сонирхлын зөрчилгүй, эрүүл сэтгэлгээтэй хүмүүс “Эрдэнэс Монгол”-д сайн засаглал төлөвшүүлэх талаар хөнддөг юм. эгвэл яагаад Сингапурын “Темасек холдинг” компанийн загвараар хөгжүүлэх шаардлагатай вэ гэсэн асуулт гарна.
Дэлхий дээр Малайзын “Казанах нашионал”, Казахстаны “Самрук казына” зэрэг үр ашигтай үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит корпорацууд бий. Эдгээрээс Сингапурын “Темасек холдинг” нь өндөр үр ашигтай ажилладгаараа онцгойрдог. Сингапурчууд “Темасек холдинг”-ийг 1974 онд байгуулжээ. Хөрөнгө оруулалтын чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулдаг уг компани жилд дунджаар 14 хувийн үр өгөөжтэй ажилласаар ирсэн. Олон улсыг хамарсан эдийн засгийн хямрал тохиосон үед хасах үзүүлэлттэй гарч байсан тохиолдол тэднийд бий гэнэ. Харин бусад үед өндөр өсөлттэй ажиллажээ. Тэднийх гол төлөв үнэт цаас худалдан авах замаар өөрийн улсын болон бусад орны компаниудад хөрөнгө оруулдаг. Энэ оны эхний улирлын байдлаар нийт 403 тэрбум сингапур долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнийг өнөөгийн ханшаар хөрвүүлбэл 296 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Монгол Улс 13 сая ам.долларын эдийн засагтай. Тэгэхээр манай улсын эдийн засгаас 23 дахин их хөрөнгөтэй компани гэсэн үг.
“Темасек холдинг” компанийн хувьцааг Сингапурын Сангийн яам 100 хувь эзэмшдэг. Гэхдээ Сингапурын Засгийн газарт тус компанид чиглэл өгөх, үйл ажиллагаанд нь оролцох эрх байдаггүй. Мөн Засгийн газар нь “Темасек холдинг”-той холбоотой баталгаа гаргадаггүй. Сангийн яам нь ч хувьцаа эзэмшдэг хэрнээ компанийн үр ашгийг төсвийн орлого болгодоггүй аж. Засгийн газар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилдоггүй. Энэ эрх мэдлийг Ерөнхийлөгч нь хэрэгжүүлдэг юм байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн мэргэжилтнийг тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилох, эсэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч нь гаргадаг гэнэ. Засгийн газрын гишүүд болон нөлөө бүхий улс төрчид хамаатан садан, найз нөхдөө ТУЗ-д томилуулахаас ийнхүү сэргийлдэг аж. Ерөнхийлөгч нь “Темасек холдинг”-ийн ТУЗ-ийн гишүүнийг томилохоос өөрөөр үйл ажиллагаанд нь оролцох эрхгүй. Засгийн газар нь “Темасек холдинг” компанид ямар нэг байдлаар чиглэл өгөхгүй, Ерөнхийлөгч нь ТУЗ-ийн гишүүдийг томилохоос өөрөөр эл компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байх зэргийг Үндсэн хуульдаа тусгажээ. Иймээс “Темасек холдинг” нь улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компанийн гүйцэтгэх удирдлагын менежментийн багийг ч улс төрөөс хараат бусаар томилдог аж. Одоогоор “Темасек холдинг” компанийн ТУЗ 13 гишүүнтэй ажиллаж байна. Тэдний хоёроос бусад нь улс төрийн болон төрийн албаны ямар нэг үйл ажиллагаанд оролцож байгаагүй, олон улсын бизнесийн салбарт амжилттай ажиллаж, туршлага хуримтлуулсан хүмүүс гэнэ. Харин Канадын парламентын гишүүн байсан нэг, Сингапурын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан сайдаар ажиллаж байсан нэг хүн ТУЗ-д нь ажилладаг. Гэхдээ одоо энэ хоёр эрхэм улс төрийн болон төрийн албаны ямар нэг албан тушаал хашдаггүй аж. Сингапурын Засгийн газарт хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан сайдаар ажиллаж байсан хүн нь тус компанийн ТУЗ-ийн дарга нь. Сингапурын Ерөнхийлөгч тус компанийн ТУЗ-д Сангийн болон бусад салбарын сайдаар, Төвбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг томилдог уламжлалтай гэнэ лээ. Энэ нь тухайн улсын төрийн бодлогын залгамж чанарыг компанийн үйл ажиллагаатай уялдуулах зорилготой нь холбоотой гэдэг.
Тэгвэл манай “Эрдэнэс Монгол” компанийн засаглал ямаршуухан байна вэ. ТУЗ нь нийт есөн гишүүнтэй. Тэдний зургаан нь төрийн төлөөлөл байдаг. Тус компанийн албан ёсны цахим хуудсанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Энхболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, эрхэлдэг ажил нь тодорхойгүй Ш.Мөнхцэрэн нар төрийг төлөөлөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй гэсэн мэдээлэл бий. ТУЗ-ийн даргынх нь талаар ямар нэг мэдээлэл албан ёсны цахим хуудсанд нь алга. Т.Оргодол, С.Энх-Амгалан, Д.Нацагдорж нар ТУЗ-ийнх нь хараат бус гишүүнээр ажилладаг гэнэ.
Тус компанийн гүйцэтгэх захирлыг Засгийн газраас чиглэл өгсний дагуу томилдог уламжлалтай. Гүйцэтгэх захирлаар томилох хүнд тодорхой шалгуур тавьдаггүй, бизнесийн туршлагыг нь анхаарч үздэггүй. Тиймээс өмнө нь улс төрийн албан тушаал хашиж байсан хүнийг энэ компанийн гүйцэтгэх удирдлагаар томилох нь түгээмэл. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Ганхүү нь Эрчим хүчний яаманд хэлтэс, газрын даргаар олон жил ажиллаж байсан, хожим уг салбарын сайд болсон хүн. Түүний дараагаар гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Хаянхярвааг Дархан-Уул аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсныг бид мэднэ. Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт шийдвэр гаргаж, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан С.Наранцогтыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо. С.Наранцогт нь Сангийн яамны мэргэжилтэн, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Ойрын жишээнүүдийг дурдахад тус компанийг мэргэжлийн CEO биш, улс төрчдөөр удирдуулсан байгаа биз. Товхондоо, “Эрдэнэс Монгол” компанийг улс төрөөс бүрэн хараат байдлаар ажиллуулж байна.
“Эрдэнэс Монгол”-ын хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлуудыг ч улс төрийн шийдвэрээр томилдог. Тиймээс тэд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын үгэнд ордоггүй. Уулзъя гэж дуудсан ч очдоггүй муу жишиг тогтсон. Засгийн газар “Эрдэнэс Монгол” компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, “Рио тинто” шиг группийн зарчмаар ажиллуулахаар болжээ. “Эрдэнэс Монгол”-ын дор 34 компанийг багтаасан дөрвөн групп ажиллуулах гэнэ. Тухайлбал, Зэсийн, нүүрсний, газрын ховор элементийн, дэд бүтцийн гэсэн дөрвөн групп ажиллах нь. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд шилжүүлэх гэнэ.
Дээр дурдсан “Казанах нашионал”, “Самрук казына” төрийн өмчит корпорацын ТУЗ-д төрийн төлөөлөл ажилладаг. Харин менежментийн багийг нь бизнесмэнүүдээс бүрдүүлдэг. “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-д төрийн төлөөллийг томилж болно. Харин гүйцэтгэх болон группийн захирлаар ажиллах хүмүүст тодорхой шалгуур тавьж, бизнесийн мэдлэгтэй, туршлагатай хүмүүсээр удирдуулах нь зүйтэй. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх болон группүүдийнх нь захирлаар улс төрийн бүлэглэлийн төлөөллийг ажиллуулбал хоорондоо “зодолдоод” ажил явуулахгүй. Харьяа компаниудыг нь улстөрчдөөр удирдуулбал бүр ч “хөгийн” юм болно. Улстөрчид хэзээ ч бизнесийн сайн засаглал бүрдүүлж ажиллахгүй гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй. Дахин тодотгоход, “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-д улс төрийн болон төрийн албаны төлөөллийг багтааж, тэд Засгийн газрын бодлого, зорилтыг шингээсэн шийдвэр гаргаж ажиллаг. Харин түүнийг нь хэрэгжүүлэх хүмүүс мэргэжлийн CEO-нууд байг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол”-ыг удирдуулах гүйцэтгэх захирлыг сонгох олон улсын шалгаруулалт зарлах гэсэн боловч судалгаагаар одоохондоо таатай нөхцөл бүрдээгүй гэсэн дүгнэлт гарсан. Хууль, эрх зүйн орчноо сайжруулсны дараа ийм сонгон шалгаруулалт зарлана” гэж ярьж байна. “Темасек”-ийн загвар мөрөөдөл хэвээр, “Эрдэнэс Монгол” өөдөлдөггүй янзаараа л байна.